Thursday, April 19, 2012

Бутан Улсын Ерөнхий сайдын Тусгай элчтэй уулзав


Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 2012 оны 4 сарын 18-ны өдөр Бутан Улсын Ерөнхий сайдын Тусгай элч тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улс, Бутан Улстай 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Бутан Улсын Ерөнхий сайдын Тусгай элч нь тус улсын төр, засгаас Монгол Улсад ирж буй анхны албан ёсны төлөөлөгч болно.

Монгол, Бутаны ард түмэн шашин шүтлэг, өв соёлын хувьд ойр, нийтлэг үнэт зүйлсээр холбогддог нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих чухал хөрс суурь хэмээн үзэж байгааг талууд ярианы эхэнд онцоллоо. Хоёр улс соёл, аялал жуулчлал мөн хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаа юм. Энэ үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бутаны Вант Улсын Хөдөө, аж ахуй, ойн сайдыг Монгол Улсад айлчлахыг урьсныг манай тал дахин нотоллоо.

Бутаны Вант Улсын Тусгай элчийн энэ удаагийн айлчлалын гол зорилго нь тус улсын Ерөнхий сайд Жигмэ Ёсэр Тинглэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан захидлыг гардуулах, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцох явдал байв.

No comments:

Post a Comment