Tuesday, April 17, 2012

Нүүрсний зөвлөгөөнөөр юу ярилцав?

Нүүрсний экспортын татварыг өсгөх боломжийн талаар болон “Саусгоби сэндс” компани хувьцааныхаа 57.6 хувийг БНХАУ-ын “Чалко”-д худалсантай холбоотой УИХ-иар яаралтай хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа хуулийн төслийнхөө талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар 2012 оны 4 сарын 16-нд ГХЯ-нд мэдээлэл хийлээ. Үүний дараа “Нүүрсний экспорт болон тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг мөн ГХЯ-нд болсон юм.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар мэдээлэхдээ 2011 онд Монгол Улс 21.2 сая тонн нүүрс экспортолсон бол 2012 онд 41 сая тонн болж өсөх тооцоотой байна. Манай улс тонн тутмаа 70 ам.доллараар худалдаж байгаа нь зах зээлийн ханшаас доогуур үзүүлэлт юм. БНХАУ болон ОХУ, Индонези зэрэг улс коксжих нүүрсний экспортондоо 40 хүртэл хувийн татвар ноогдуулдгийг манай улс бодолцож үзэх цаг болжээ хэмээн эрхэм гишүүн хэллээ. Мөн 2009 оны 8 сарын 5-нд Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьж байсан “Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай” хуулийн төслийг УИХ яаралтай хэлэлцүүлбэл одоо шуугианы гол сэдвийн нэг болоод байгаа “Саусгоби сэндс” компанийн наймааг буцаах боломжтой байна хэмээн хэллээ.

“Нүүрсний экспорт ба тулгамдсан асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтанд ГХЯ, ЭБЭХЯ, Гаалийн Ерөнхий газар болон нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл “Эрдэнэс МГЛ” , “Монголын Алт” , “Энержи ресус”, “Эрдэнэс Таван толгой”, “Хүннү Коал” зэрэг компаниас төлөөлөгчид оролцлоо. Нүүрснээс олох орлого, ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хадгалахын тулд энэ салбарын зах зээл, хэрэглэгч, үнэ ханш, нийлүүлэлт, тээвэр, логистикийн талаар төр, засгийн зүгээс бодлогын зохицуулалт хийх боломжийн талаар мэдээлэл солилцов.

Зөвлөлдөх уулзалтаар тулгарч буй сорил, боломж, нүүрсний нийлүүлэлт, татварын зохицуулалт, зах зээлийн өрсөлдөөний талаар, Тухайлбал, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгодог байх, мэргэжлийн байгууллагууд нүүрсний ангилал, стандартыг бий болгох чиглэлээр ажиллах, боомтын хүчин чадлыг сайжруулах, нүүрсний экспортын үнийг цэгцлэх үүднээс БНХАУ-ын Засгийн газартай яриа хэлэлцээ явуулах зэрэг асуудлаар хэлэлцэв.

No comments:

Post a Comment