Monday, April 2, 2012

Айлчлалын үр дүнгийн талаар ХБХ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлал 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд амжилттай хэрэгжлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 12 жилийн дараа ХБНГУ-д хийгдсэн айлчлал бөгөөд манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгааг илтгэн харуулсан чухал үйл явдал боллоо.

Европ дахь Монгол Улсын гол түнш болох Герман Улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлалынхаа хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч, Бундестагийн Ерөнхийлөгч, Канцлер, Дэд Канцлер нартай албан ёсны уулзалт хийлээ. Монгол–Германы хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцсон.

Тухайлбал, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, германы хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн германы техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар санал солилцсон нь үр дүнтэй болсон. Мөн “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, ашигт малтмалын хайгуул, олборлолтын дэд бүтцийг байгуулах, өргөтгөх, ашигт малтмалын үр ашгийг нэмэгдүүлэх, хууль, эрх зүй, зохион байгуулалтын орчинг сайжруулах, байгаль орчны болон нийгмийн стандартуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Засгийн газрын хамтарсан ажлын хэсгүүд тохиролцсон.

Айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын парламент – Бундестагийн “Райхста” ордонд зочилж, Бундестагийн гишүүдийн өмнө үг хэллээ. Мөн Хамбург муж улсад зочлон Зүүн Азийн холбооны Лийбесмалёслолын арга хэмжээнд оролцож, Умард Райн–Вестфали муж улсад зочлон Тюссен–Крупп компанийн Валсум дахь коксын үйлдвэртэй танилцсан болно.

Мөн айлчлалын үеэр талууд Тайшир–Алтайн усан хангамжийн төслийг хэрэгжүүлэх тухай Санамж бичиг, Фишер–Тропшийн технологид суурилсан нүүрс шингэрүүлэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх тухай Санамж бичиг, Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн хийжүүлэх технологийг нийлүүлэх тухай Санамж бичиг зэрэгт гарын үсэг зурлаа.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, ХБНГУ-ын иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой, хоёр орны цаашдын хамтын ажиллагааны олон чухал асуудлуудыг урагшлуулахад түлхэц үзүүлсэн айлчлал болсныг тэмдэглэе.

No comments:

Post a Comment