Monday, April 16, 2012

“Саусгоби”-гийн наймааг буцаах боломжтой

4 сарын 1-ний өдөр “Айвенхоу Майнз”-ийн эзэмшил “Саусгоби” компани хувьцааныхаа 57.6 хувийг 540 сая ам.доллараар Хятадын төрийн өмчийн “Chalco” компанид зарах болсноо мэдэгдсэн нь халуун сэдвүүдийн нэг болоод байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорьж шалгаж байгаа дуулианы сүрд “Саусгоби”-гийн энэхүү панз наймааны тухай яриа бараг дарагдаад байгаа нь эрхэм гишүүний санааг зовоож байна. “Хэрэв энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэн, баталбал “Саусгоби”-гийн “Чалко”-той хийсэн орд газрын наймааг буцаах бүрэн боломжтой” хэмээн УИХ-ын гишүүн Г.Занданшатар хэллээ.

Тэрбээр Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийн төслийг тухайн үед УИХ-д өргөн барьж байжээ. Хэлэлцэх эсэхийг нь УИХ шийдсэн хэдий ч зарим шалтгааны улмаас хойшлоод байсан юм. “Энэ хуулийн төсөл зөвхөн уул уурхай биш, батлан хамгаалах салбар, геологи, усны нөөц, тэр ч бүү хэл хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарыг хамарсан, тухай тухайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохистой төвшинд байлгах учиртай хууль юм” хэмээн Г.Занданшатар хэллээ. Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой энэхүү хуулийг УИХ ойрын үед хэлэлцвэл “Саусгоби”-гийн наймааг буцаах бүрэн боломж байна хэмээн тэр үзэж байгаагаа илэрхийлжээ.

1 comment: