Monday, May 7, 2012

Эрхүүгийн хавар



Зах зээлийн эхэн үе 1992 оны хавар Баянхонгорын Баацагаанд төрсөн нэгэн шаавай хүү Эрхүүгийн улс, ардын аж ахуйн дээд сургуульд суралцан санхүү, эдийн засагч мэргэжил эзэмшин эх орондоо иржээ. Будаг нь ханхалсан боловсон хүчин тэрбээр хуучнаар Зах зээлийн коллеж, одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багшилснаар ажил, амьдралын гараагаа эхлүүлж байж. Улмаар “Монгол банк”, “Хаан банк”-нд сургалтын төвийн захирал, дэд захирал, 2003 оноос Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004 оноос УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд хийх зураг төөрөгтэй байжээ. Сайд болонгуутаа Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг зоригтойгоор барьж авсан нь хоёр улсын харилцааг зөвхөн дипломат харилцаагаар хэмждэг байсан агуулгыг эдийн засгийн бодлогоор өргөжүүлж өгсөн хэрэг юм. Энэ бүхэн сайн сургууль, сайн багш нарын ач буян байжээ гэдгийг 20 жилийн дараа дурсан суух мөч ирнэ гэж хэн таах билээ.

Хуучнаар Эрхүүгийн улс, ардын аж ахуйн дээд сургууль, одоогийн Байгалын эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн жирийн төгсөгчдийн нэг нь манай Гадаад харилцааны сайд Г.Занданшатар юм. Монголын 4000 гаруй охид, хөвгүүдийг гарыг нь ганзганд хүргэснээ дээдлэхийн зэрэгцээ, Монголын төрийг 40 жил удирдсан, төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал, түүнчлэн есын есөн монголын Сангийн сайдыг төрүүлснээрээ энэ сургууль бахархдаг юм билээ. Монгол Улсын хөгжилд тус сургуулийн төгсөгчид хувь нэмрээ оруулсан гэдгийг нэг бус удаа сонсохдоо үнэхээр тийм дээ хэмээн өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж явлаа.

Тус сургуулийн ректор, ОХУ-ын ШУА-ын жинхэнэ гишүүн, эдийн засгийн ухааны доктор М.А.Винокуров гэж нүдэнд дулаахан, буурал өвгөн байх. Зүгээр ч нэг эрдмийн хүн биш, мундаг зохион байгуулагч, гайхамшигтай менежер хүн аж. Г.Занданшатар сайдыг оюутан байхад тус сургуулийн ректороор ажиллаж байж. Тус сургуулийн тэргүүнээр 25 дахь жилдээ ажиллаж байгаа, ОХУ-ын хамгийн олон жил ажиллаж байгаа ректор гэнэ. Үүнийг сонсоод бахархахгүй байхын аргагүй байлаа. Хийсэн бүтээсэн нь хэний ч өмнө ил. 20 жилийн өмнөх сургууль нь танигдахын аргагүй болсныг төгсөгч Г.Занданшатар толгой сэгсрэн шагширч байна лээ. Төв байр болон зарим сургуулиар нь явж танилцсан. Шинэхэн, цэвэрхэн, гэгээлэг, тохь тухтай орчин хаа сайгүй угтана. Багш, боловсон хүчин нь эрдмийн өндөр цол хэргэмтэй. Энэ сургууль бүх талаараа хүнийг соронзон адил татна, “Ирж суралцана уу” гэж хүн бүр бүрийг урих шиг. Ректор М.А.Винокуров гуайн ажилч хичээнгүй, хүнийг удирдах гайхалтай чадвар өдгөө сурч буй 30 мянган оюутны хувь тавиланг гэрэл гэгээ рүү тодорхой зурж байна.

1992 оны төгсөгч, тус сургуулиас төрөн гарсан Монголын хамгийн анхны Гадаад харилцааны сайдад “Хүндэт профессор” цол олгох хүндэтгэлийн арга хэмжээ дурсамж бүхнээ сэргээсэн халуун дулаан уур амьсгал дунд болж өнгөрлөө. Ректор М.А.Винокуров арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ төгсөгчөөрөө бахархаж буйгаа өгүүлээд, Байгалын эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль дипломат ажилтан бэлтгэхээр болж буйтай энэхүү арга хэмжээ давхцаж буй нь тохиолдлын хэрэг биш гэдгийг онцолсон юм. Сайд Г.Занданшатар “Хүндэт профессор” цол хүртсэний дараа хэлсэн үгэндээ:

-Бидэнд эрдэм ном заан сургасан эрдэмтэн олон багш нартаа хамгийн их баярлаж байна. Гэрээсээ хол бидэнд цаг үргэлж тусалж дэмжиж байсан сургуулийн хамт олондоо бас талархаж байна. Төрөлх сургуулиасаа энэ том хүндэтгэлийг хүлээн авч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Лекц сонсож байсан заал, шалгалт өгч байсан танхимынхаа хаалгаар 20 жилийн дараа орж ирэхэд оюутан ахуй цагийн гэгээн дурсамж ханхийж, өчигдрийн юм шиг санагдаж сэтгэл хөдөлж байна. Хоёр улсын хоорондох найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд сургуулийн маань оруулсан хувь нэмэр их. Манай сургууль зөвхөн ОХУ-д шилдэг мэргэжилтэн бэлтгээд зогсохгүй, Монголын олон салбарын өндөр төвшний нийгмийн зүтгэлтнүүдийг бэлтгэн гаргасан гэсэн юм.

Монгол оюутнууд толгой нүцгэн явдгаараа үргэлж олны анхаарал татдаг. Хажуугаар өнгөрөх хүн бүр малгай өмсөхийг зөвлөнө, хэлнэ, зарим нь зэмлэнэ. Унтаж хичээлээс хоцордог оюутны байранд нь багш нь оччихсон, босохыг гуйн хаалгыг нь нүдэж байсан зэрэг нандин дурсамжаа тэрээр хуваалцсан юм.

Байгалын эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг монголын 4000 гаруй охид, хөвгүүд төгсөн гарчээ. Одоо 80 орчим оюутан суралцаж байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд “Хүндэт профессор” цолоо аваад зогсохгүй, Эрхүү мужийн амбан захирагч Д.Ф.Мезенцевтэй хийсэн уулзалтын үеэр жил бүр Монголоос тэтгэлгээр ирж суралцдаг 10 оюутны тоог, 50 болгож нэмэгдүүлэх, арван магистрант, 3 доктурант нэмж сургахаар болсон нь Эрхүү хотод хийсэн энэ удаагийн айлчлалыг улам үр дүнтэй болгосон юм. Тэтгэлгийн зардлыг Эрхүү хотын Засаг захиргаа, Байгалын эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль хувааж гаргахаар болсон юм.

Г.Занданшатар сургуулиа төгсөж ирээд одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багшилснаар ажил, амьдралын гараагаа эхэлжээ. “Эдийн засаг”, “Гадаад валютын бодлого” гэдэг хичээл ордог тэрхүү залуу багш оросоос гадна англи хэлээрх сурах бичиг, ном хэвлэл ашиглан хичээлээ заадаг байсан нь оюутнуудад сонирхолтой, ихэд таалагддаг байжээ. Энэ үедээ ирээдүйн халамжит хань, гурван хүүхдийнхээ эх Г.Отгонгэрэлтэй танилцан гал голомтоо бадраасан байна. Номын өргөөнд танилцсандаа ихэд билээгшээн явдаг талаараа гэргий Г.Отгонгэрэл нь дурсан ярьж, энэ бүхэн эрдэмт багш та нарын ач шүү хэмээн дахин дахин онцлон хэлж байсан юм.

Д.Төв

No comments:

Post a Comment