Monday, September 19, 2011

Г.Занданшатар: “МАХН МҮАН бол брэнд нэрүүдийн ард нуугдсан хулхи бараа”

Өнгөрсөн баасан гаригт болсон Засгийн газрын хуралдааны дараа Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас зарим асуултад хариулт авав. Тэрээр НҮБ-ын Ерөнхий чуулганд оролцохоор НьюИорк хот руу мордох гэж байсан аж.

- Засгийн газрын хуралдаанаар Нээлттэй засаглалын түншлэлд нэгдэх тухай асуудлаар талаар танай яамнаас оруулж хэлэлцүүллээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нээлттэй засаглалын түншлэлийн албан ёсны нээлт энэ сарын 20-нд Нью-Йорк хотноо болох гэж байна. Хэлэлцүүлгийг АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама, Бразилын ерөнхийлөгч Д.Руссоф нар удирдан явуулна. Нээлттэй засаглалын түншлэл хэмээх энэхүү байгууллагын гол зорилго нь нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих, улс орнуудын Засгийн газарт энэ чиглэлээр тодорхой үүрэг хүлээлгэх явдал юм. Нээлттэй ил тод байдлыг хангах, авилгын эсрэг тэмцэхэд нийгмийн бүхий л бүтцийг оролцуулах, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байгаа.

- Нээлттэй засаглал түншлэлд нэгдэхийн ач холбогдол нь юу вэ?

Дотроо улс төржөөд авилгалтай хийх тэмцэл үр дүнд хүрэхгүй бол олон улсын дэмжлэг жишгийг тогтоосноор үр дүнд хүрэх байх гэж итгэж байна. Манай улсын хувьд энэхүү өндөр төвшний хэлэлцүүлэгт оролцсоноор нээлттэй засаглалын талаар мэдээлэл авах, төр, засгийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, авилгатай тэмцэх зэрэг асуудлаар хэлэлцүүлэгт оролцогчдын туршлагыг судлах ач холбогдолтой. Нээлттэй ил тод байдлыг хангаж байж л өнөөгийн ужгираад байгаа авилгалын үндэс язгууртай нь тэмцэх боломж бүрдэнэ.

-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол улс энэ оноос даргалах болсон нь манай нээлттэй олон тулгуурт гадаад бодлоогын нэг ахиц гэж ярьж байна. АОХН гэдэг байгууллагын талаар хүмүүс төдийлөн мэдээлэлгүй байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-.Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/ нь ардчиллыг дэмжих, ардчиллын хэм хэмжээ, институцийг хөгжүүлэн бэхжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм. Товчоор хэлбэл Дэлхийн ардчиллын нийгэмлэг. АОХН-ийг 2000 онд Польшийн Варшав хотноо болсон Гадаад хэргийн сайд нарын анхдугаар бага хурлаар байгуулсан.

-Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий чуулганаар энэ том байгууллагын удирдах зөвлөлын хурлыг Монголын ГХ-ы сайд даргалж хуралдах юм байна. Ямар асуудлууд хэлэлцэх вэ Ямар ажлын хэсгүүдээр дамжиж хуралддаг юм бол.

-АОХН-ийн удирдах байгууллага нь Зөвлөлдөх бүлэг. Бүлгийн даргыг хоёр жилийн хугацаатайгаар ээлжлэн сонгодог. Зөвлөлдөх бүлгийн шийдвэр зөвшилцлийн замаар гардаг. Шийдвэр нь тогтоол гаргах, мэдэгдэл хийх, ардчиллыг дэмжих зорилгоор баг илгээх зэрэг хэлбэртэй байдаг. АОХН-ийн гишүүн улс орнуудын Гадаад хэргийн сайд нарын бага хурал хоёр жил тутамд хуралддаг ба Зөвлөлдөх бүлгийг тэргүүлсэн улс ээлжит бага хурлыг өөрийн оронд зохион байгуулдаг. АОХН-ийн үйл ажиллагаа Ажлын хэсгүүдээр дамжин явагддаг.

-Манай улс энэ нэр хүндтэй байгууллагыг даргалахдаа ямар чиглэлүүдийг үндсэн сэдвээ болгож байна вэ?

-Ардчиллын боловсролын асуудал үндсэн сэдэв байх юм. Ардчиллын боловсролыг хөгжүүлэх хүрээнд ЮНЕСКО-той ажиллах боломжийг илүү ашиглах, түүнчлэн НҮБ-тай идэвхтэй ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ардчиллын боловсролын асуудлаар тогтоолын төсөл санаачлан оруулахаар ажиллаж байна.

Иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх нь бас нэг сэдэв. Манай улс АОХН-ийн Иргэний нийгмийн байгууллагыг байгуулж, хамгаалах ажлын хэсгийн гишүүнээр 2009 оноос хойш ажиллаж буй. Эл ажлын хэсгийн дарга нь Канад улс. Тэд манай улсыг иргэний нийгмийн байгууллагыг дэмжих, төлөвшүүлэх, ялангуяа ТББ-ын тухай хуулиа өөрчилж буй өнөө үед “үлгэр жишээ улс” болох тухай санал тавьсан. Саналыг манай тал хүлээн авсан бөгөөд хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.

АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд онцгой анхаарна. Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх хугацаандаа бүс нутгийн, түүний дотор Азийн чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллахыг зорино. Манай бүс нутгийн орнуудаас БНСУ, Индонези, Япон Улс АОХН-ийн үйл ажиллагаанд идэвхтэй байр суурьтай оролцдог, мөн Энэтхэг, Филиппин улсууд Зөвлөлдөх бүлгийн гишүүд юм. АОХН-ийн үйл ажиллагаа өнөөг хүртэл Евро-Атлантын чиглэлд төвлөрсөн байдалтай явж ирсэн.

Ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцох нь чухал гэж бид үзэж байгаа. Энэ чиглэлээр манай улс бусдаас суралцах, ардчиллын замыг сонгон авснаас хойш хуримтлуулсан туршлага, авсан сургамжаа тэдэнтэй хуваалцах аятай хэлбэр болно гэж үзэж байгаа юм. Ийм төрлийн арга хэмжээг Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн, АНУ-ын судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүд хамтран зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

-НҮБ-ын Ерөнхий чуулганы үеэр онцлох гол асуудлуудын талаар тодруулна уу?

-Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд сонгогдож байгаагүй. Манай улс 2023-2024 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдохоор нэр дэвшүүлж буйгаа албан ёсоор зарлаж байна. Мөн цөмийн хаягдлын асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлнэ.

-Энэ дашрамд асуухад таны тэргүүлж байсан залуучуудын байгууллага удирдаад улс төрийн бужигнаан үүсгэнэ, Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулна намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хоёрын харилцаа муу байгаа нь бужигнаан үүсэх гол шалтгаан болж байна гэсэн яриа байна. Та энд удирдах зөвлөлийн гишүүний хувьд ямар хариу өгөх вэ?

- Аль ч нийгэмд, аль ч салбарт залуучууд шинэчлэлийг манлайлдаг. Манай намын дэргэдэх залуучуудын байгууллага ч тийм. Гэхдээ манай намын залуучуудын байгууллага улс орны эрх ашиг, намын эв нэгдэл, нэгдмэл эрх ашгийг хамгийн тэргүүнд тавьдаг. Өмнө ч тийм байсан. Одоо ч тийм гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Лидер дагаж амьдардаг байгууллага биш харин сөрж явсан үе бол бий. Олон нийт нийгмийн хүлээж буй асуудлуудыг түргэн шуурхай шийдэж хөгжлийг манлайлах шаардлага Ардын намд байна. Манай намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хоёулаа Монголын улс төрд олон жил явсан, туршлагатай улстөрчид, нүдний хор нь гарсан, улс төрийн сонгуулийн өмнө эрх мэдлийн төлөө талцаж гүйгээд байх ёс суртахуунтай хүмүүс биш. Намын эв нэгдлийг сарниулах, Ардын намын шинэчлэл өөрчлөлтийн хүчийг сулруулах, Засгийн газрын болж бүтэж байгаа бүхнийг баллуурдах хөндлөнгийн улс төр л явж л байдаг юм. Нөгөө талаар эв нэгдэл гэдэг үгээр болохгүй бүтэхгүй бүхнийг хучиж өнгөлөн далдалж таарахгүй. Эрүүл саруул шүүмжлэл бодит байдлыг зөв ухаарч ойлгох эрмэлзэл байх нь зайлшгүй. Гэхдээ ийм улс төр явлаа гээд МАН дотроо бужигнахгүй, дарга удирдлагууд нь талцахгүй лдээ. Ийм хүмүүст горьдсоны гарз гэж хэлье. Зөвхөн улс орны эрх ашгийг дээдлэж, намынхаа эрх ашгийг бодолцож шийдвэр гаргана. Шаардлагатай гэж үзвэл, улс орны хөгжилд хэрэгтэй бол ямар ч шийдвэрийг гаргаж чадна. Манайх тулхтай туршлагатай, ухамсартай, үүрэг хариуцлагатай нам. Сонгууль угтаж дөнгөж төрж байгаа, магадгүй сонгуулийн дараа алга болчих намууд биш шүү дээ.

-Алга болох нам гэснээс, өмнө нь улс төрд байж олон нийтэд танигдсан МАХН, МҮАН-ын нэрийг Н.Энхбаяр, М.Энхсайхан нар авчихлаа. Нэрийн энэ андуурал нь сонгуулиар танай намын амжилтад яаж нөлөөлөх бол?

-Өөрөө нэрийн андуурал гэж асуулаа. Шинээр байгуулагдаж байгаа МАХН, МҮАН-ынхан ч гэсэн нэрийн андуурал явагдана гэж найдсан учраас л энэ нэрүүдийг авч байгаа нь тодорхой. Н.Энхбаяр Ерөнхийлөгч, М.Энхсайхан дарга хоёр төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хувь хүний хувьд хариуцлагагүй алхам хийж, өөрсдийг нь эдгээр албан тушаалд хүргэсэн намын хамт олныхоо эсрэг явж байгаад залуу хүний хувьд харамсч л байна. Гэхдээ тэд ард түмнийхээ санах ойг ингэж басч болохгүй л дээ. МАХН, МҮАН гэж ямар нам байж байгаад одоо ямар нэртэй болсныг ард түмэн сайн мэдэж байгаа. Мэдсээр байхад нь мэдэхгүй юмшиг улс төр хийнэ гэдэг бол ард түмнийг сонгогчдыг доромжилж байгаатай адил юм. МАХН, МҮАН гэх нэрийг тэд авсан нь ерөнхийдөө брэнд нэрүүдийн ард хулхи бараа нуугдаж байгаатай адил юм. Тийм улс эх орондоо хайртай хэрэгтэй том улс төрчид юм бол өөрсдийнхөө нэрээ өмнөө бариад өөсрдийгөө зарж улс төрөө хий л дээ.

Зах зээлд борлогдохгүй хулхи барааг брэнд нэрээр халхавчилж хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг. Үүнтэй адил улс төрд явахгүй болсон хүмүүс хэрэглэхээ байсан брэнд нэрүүдийг авч улс төрд эргэж ирэх эсэхээ эцсийн удаа үзэх гэж байх шиг л байна. Саяхан Хэрэглэгчийн төлөө газраас брэнд нэрээр зарж байгаа хулхи бараануудыг лангуун дээрээс хураах шийдвэр гарч зарим газар хэрэгжлээ. Харин улс төрд ч гэсэн брэндийн ард нуугдсан хулхи “бараа”-нуудыг сонгуулиар сонгогчид өөрсдөө ялгаж салгачих байх аа.

-Сая та тойрогтоо ажиллаад ирлээ. Ер нь хамтарсан ЗГ-ын ажлыг хөдөө орорн нутагт яаж дүгнэж байна вэ? Баянхонгороос сонгогдсон гишүүд хэр гар нийлж ажиллаж байна вэ?

- Миний хувьд дээгүүрээ Засгийн газарт хоёр нам эвсч хамтарч болоод байхад засгийн газрын гишүүд нь доод төвшиндөө орон нутагт тойрогтоо талцаж гүйгээд байх нь зохимжгүй гэж үздэг. Одоо энэ цаг үе эвдрэл тэмцэл, хагарлаас харин эвлэрэл нэгдэл бүтээлч байдал руу хөтөлж байна. Улс орноо хөгжүүлэх,аймаг орон нутгаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх талаархи бодлогыг илүү өргөнд хүрээнд хамтарч хэрэгжүүлэх нь цаг үе иржээ. Үүний төлөө төр засаг, улс төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага нэгдэж ажиллах өргөн боломж нөхцөл бүрдсэн байна. Тэгж байж бүтээлч өрсөлдөөн гарна, бодит ажил хэрэг бий болно. Энэ нь гэхдээ төрөлх нутгаа хөгжүүлэх эцсийн зорилгоосоо гажаагүй, Засгийн газрын бодлого, намын дүрмийн хүрээнд, хийж бүтээснээ үгүйсгэж нураахгүйгээр л явах ёстой.

2011.09.20 "Өнөөдөр" сонин

No comments:

Post a Comment