Thursday, September 22, 2011

АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА


Румыны Гадаад хэргийн сайд Бакиншитай уулзав


Энэ өдрүүдэд Нью Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний байгууллагын 66 дугаар чуулганы үеэр манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн орнуудын хуралдааныг зохиож, тус нийгэмлэгийн Удирдах зөвлөлийг байгуулав. Хуралдаанд оролцсон орнуудаас 25 нь Удирдах зөвлөлд орж ажиллахаа албан ёсоор мэдэгдэв.

Удирдах зөвлөлийн гишүүн орон болоход зарим шалгуур тавигддаг бөгөөд эдгээрт ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлсэн Варшавын тунхаглалын зарчмыг баримтлах, шинээр бий болсон эсвэл шилжилтийн үедээ яваа орнуудын ардчиллыг дэмжих, АОХН-ийг бэхжүүлэх, түүний үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зэрэг хүчин зүйлийг урьтал болгон үздэг.

Удирдах зөвлөл нь АОХН-ийн шийдвэр гаргах байгууллага байна. Цаашид Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оролцох сонирхолтой орны хүсэлтийг хэлэлцэн шийдвэр гаргана.

Монгол Улс АОХН-ийг 2011-13 онд даргалж байгаа бөгөөд манай улсын тэргүүлэх чиглэлд ардчиллын боловсролоос гадна иргэний нийгмийн байгууллагын төлөвшилд дэмжих үзүүлэх, Азийн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинээр болон шилжилтийн үедээ яваа улс орнуудын ардчиллыг бэхжүүлэх үйлсэд дэмжлэг болох, туршлага хуваалцах зэрэг арга хэмжээнд ач холбогдол өгч ажиллах юм.

Удирдах зөвлөлийн хуралдааны өндөр түвшний хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, улс орнууд ардчиллын үйл хэрэгт идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлж, Монгол Улс АОХН-ийн дарга улсын хувьд ач холбогдол өгч ажиллах асуудлуудыг танилцуулж, хамтран ажиллахыг уриалав. Тэрбээр Монгол Улс АОХН-ийг даргалахдаа авилгатай тэмцэх асуудлыг тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон ажиллана гэдгийг цохон тэмдэглэв. Удирдах зөвлөлийн хуралдаанд Литва, Эл Сальвадор, Уругвай, Чили, Нигери, Португал, Тунисын Гадаад хэргийн сайд нар болон өндөр албаны 18 төлөөлөгч үг хэлэв.

Удирдах зөвлөлийн хуралдааныг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар удирдаж явууллаа.

Удирдах зөвлөлийн орнууд мөн зохион байгуулалтын чанартай асуудлуудыг хэлэлцэн, дараагийн хурлын тов, хэлэлцэх асуудлуудыг тохиров. Удирдах зөвлөлийн хурал дээр АОХН-ийн зарим ажлын хэсэг үйл ажиллагаагаа танилцуулан, манай улсыг даргалах хугацаанд үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

АОХН-ийн үйл ажиллагаа Ажлын хэсгүүдээр дамжин явагддаг бөгөөд одоогийн байдлаар Ядуурал, хөгжил, ардчиллын асуудлаарх ажлын хэсэг, Ардчиллыг хөгжүүлж, үндэсний болоод үндэстэн дамнасан аюулаас хамгаалах ажлын хэсэг, Хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлын хэсэг, Бүсийн хамтын ажиллагааны ажлын хэсэг, Иргэний нийгмийг байгуулж, хамгаалах ажлын хэсэг, АОХН-ийн шинэчлэлийн асуудлаарх ажлын хэсэг ажиллаж байна.

Манай улс Польштой хамтран ардчиллын боловсролын асуудлаарх Ажлын хэсгийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

No comments:

Post a Comment