Thursday, September 22, 2011

Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүнээр сайд Г.Занданшатар томилогдон ажиллаж байна

Энэ долоо хоногт ажлаа эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлд оролцох Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар дагалдан Нью-Йорк хотноо ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы үндсэн хэсэг 12 дугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэх бөгөөд түүнд оролцох Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүнээр сайд Г.Занданшатар томилогдон ажиллаж байна.

Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганаар тогтвортой хөгжил, нийгмийн хөгжил, байгаль хамгаалал, эдийн засгийн өсөлт, олон улсын энх тайван, аюулгүй байдал, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа, хүний эрх, шударга ёс ба олон улсын эрх зүй, НҮБ-аас үзүүлэх хүмүүнлэгийн туслалцаа, олон улсын гэмт хэрэг, терроризм, НҮБ-ын захиргаа, төсөв, НҮБ-ын үндсэн болон системийн байгууллагуудын сонгууль зэрэг дэлхийн улс түмний өмнө чухлаар тавигдаж буй 165 багц асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Чуулганд оролцох Засгийн газрын төлөөлөгчид чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд тусгагдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, чуулганаас батлах 300 орчим тогтоол, шийдвэрийн төсөлд өөрийн улсын байр суурийг тусгаж, санал хураалтад оролцох юм. Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 онд болох сонгуульд нэрээ дэвшүүлснээ албан ёсоор зарлаж гишүүн орнуудын дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байна.

Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы үеэр буюу 9 дүгээр сарын 20-ны өдөр болсон Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ (AСД)-ний Гадаад хэргийн сайд нарын уулзалтад тэрбээр мөн оролцжээ. Уулзалтад АСД-ын гишүүн 30 орны Гадаад хэргийн сайд нар оролцож, Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний механизмыг боловсронгуй болгох, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ирэх 10 дугаар сард Кувейт Улсад зохион байгуулах ACD–ийн Сайд нарын 10 дугаар уулзалтын бэлтгэл зэрэг асуудлаар санал солилцов. Чингэхдээ АСД-ын сайд нарын 10 дугаар уулзалтыг “Азийн хамтын ажиллагааны илүү сайхан ирээдүйн төлөө” сэдвийн хүрээнд зохион байгуулж Тунхаглалын баримт бичиг гаргахаар тохиролцов.

Сайд Г.Занданшатар Тайландын Гадаад хэргийн сайд Сурапон Товижагчайгүнтэй Нью-Йорк хотноо 9 дүгээр сарын 20-ны өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар шинээр томилогдсон Тайландын Гадаад хэргийн сайдад баяр хүргэж, Монгол-Тайландын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид хөгжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Тухайлбал, улс төрийн харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, тухайлбал “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрт үед гарын үсэг зурах, хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөр байгуулах, Тайландын их, дээд сургуулиудад суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар ярилцсан байна. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Тайландын Гадаад хэргийн сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив.


1 comment:

  1. АОХН-ийн үйл ажиллагаа Ажлын хэсгүүдэд Монгол улсын иргэнийг, Төрийн бус байгууллагын төлөөллийг оруулах боломж, бодлогыг хийгээд үүнтэй холбогдох нээлттэй мэдээллийг сонирхож байна.
    Танд амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, хүндэтгэсэн А. Чулуунбат. chuluunbat47@gmail.com

    ReplyDelete