Sunday, January 15, 2012

БНХАУ-ын Үндэсний шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцянтай уулзав


БНХАУ-д айлчилж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцянд 1 сарын 12-нд бараалхаж, хоёр орны нийгэм, эдийн засгийн болон бусад өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Монгол, Хятадын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч, хамтын ажиллагааны агуулга баяжиж, цар хүрээ өргөжиж буйтай холбогдуулан хоёр улсын харилцааг иж бүрэн удирдан чиглүүлэх, зохицуулах механизм хэрэгтэй болж байгааг сайд Г.Занданшатар нотлов. Иймээс хоёр талын харилцааны бүх салбарын асуудлыг хэлэлцдэг, Монгол, Хятадын хамтын ажиллагааны комисс байгуулах санал дэвшүүллээ. Энэхүү саналыг ноён Жан Сяоцян хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс БНХАУ-ын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тус нэмэр болохуйц бодитой бүтээн байгуулалтын төслүүдэд ашиглах бодлого баримталж ирсэн. БНХАУ-аас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож ирсэнд сайд Г.Занданшатар талархал илэрхийлээд, тэдгээрийн ашиглалтыг эрчимжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэхийн төлөө илүү идэвхитэй хамтын ажиллагаа шаардлагатай байгааг дурдав. Ялангуяа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн айлчлалын үеэр хятадын талаас олгохоор амласан 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг сонгон шалгаруулж хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байгааг мэдэгдлээ.

Сайдын нарын уулзалтын хүрээнд төмөр замын асуудал хөндөгдлөө. БНХАУ руу чиглэсэн төмөр зам барих нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар гэж үзэж буйгаа сайд Г.Занданшатар нотлов. Монголын нутагт шинээр тавих төмөр замын асуудлаар яриа хэлэлцээг дахин эхлүүлэх, төмөр замын асуудал хариуцсан хоёр яамны хооронд шууд харилцан ажиллахыг мөн санал болгов.

ОХУ болон Хятадын хооронд тавихаар төлөвлөж буй хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих асуудлаар Монгол, Хятад, Орос гурван талын ажлын хэсэг байгуулах, ажлын хэсгийн дүгнэлтийг энэ онд багтаан талууд авч хэлэлцэхийг ч сайд Г.Занданшатар Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцянтай уулзахдаа хүслээ.

Эдгээр асуудлуудыг анхааран үзэж, нааштайгар шийдэх дээр өөрийн зүгээс шаардлагатай бүхнээ дайчлан ажиллах болно гэдгээ ноён Жан Сяоцян илэрхийлэв.

No comments:

Post a Comment