Tuesday, May 24, 2011

Нээлттэй хэлэлцүүлэг дээр хэлсэн үг

“МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ”

БАРИМТ БИЧГИЙН ТАЛААРХ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛЭХ ҮГ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Юуны өмнө НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас боловсруулсан “Монгол Улсын аж үйлдвэрийн бодлогын үндсэн чиглэл” (“Strategic Directions on Industrial Policy in Mongolia”) судалгааны баримт бичгийг хийхэд гар бие оролцсон манай холбогдох байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

“Монгол Улсын аж үйлдвэржүүлэлтийн бодлого, аж үйлдвэрийн цаашдын хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлэх арга хэмжээний болон тэргүүлэх салбарын талаар мэргэжлийн тодорхой судалгааг хийлгэн үнэлэлт, дүгнэлт гаргуулах хүсэлтийг 2009 онд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-д тавьсан юм.

ЮНИДО манай талын саналыг нааштай хүлээн авч өөрийн байгууллагын Судалгаа, статистикийн газрын захирал Л.Алкорта тэргүүтэй судлаачид болон олон улсын мэргэшсэн шинжээчдийг 2010 онд Улаанбаатарт 2 удаа ирүүлэн ГХЯ-тай хамтран “Монгол Улсын үйлдвэржилтийн хөгжлийн бодлого” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг зохион байгуулж, аж үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын албан тушаалтан, мэргэжилтэн, судлаачид, үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцсон билээ.

ЮНИДО хийсэн судалгаандаа “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр” болон бусад холбогдох бодлогын баримт бичгүүдийг ашигласан байна.

2011 оны 2 дугаар сард ЮНИДО-ын Ерөнхий захирал Кандэ К.Юмкелла тус байгууллагын зардал (урьдчилан тооцоолсноор 83,350 евро)-аар боловсруулсан “Монгол Улсын аж үйлдвэрийн бодлогын үндсэн чиглэл” судалгааны баримт бичгийг Вена хотноо албан ёсоор гардуулан өгөх үеэрээ “Монгол Улс нь хөгжлийнхөө шийдвэрлэх үед ирж буй бөгөөд урт хугацааны тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад стратегийн зөв мэргэн шийдлүүд чухал юм. Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэрийн хөтөлбөр боловсруулах асуудалд ихээхэн ач холбогдол өгч, энэ хүрээнд аж үйлдвэрийн хэд хэдэн том төсөл хэрэгжүүлэх зорилт тавьж байна. Эдгээр зорилгодоо хүрэхэд олон сорилтыг даван туулах бөгөөд, чингэхэд аж үйлдвэржүүлэх зөв бодлого чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улсыг тэрхүү зорилгодоо хүрэхэд нь ЮНИДО хамтран ажиллах болно” гэж цохон тэмдэглэсэн байна.

ЮНИДО тодорхой улс орны үйлдвэржүүлэх бодлогын асуудлаар урьд өмнө тусгайлан судалгаа гаргаж байгаагүй. ЮНИДО-оос эхлүүлсэн энэхүү ажлын анхных нь улс Монгол Улс болж байна. Хоёр дахь судалгааг Гана улстай хамтарч хийхээр төлөвлөж байгаа ажээ.

ЮНИДО Монгол Улсын эдийн засагт чухал байр эзлэх салбарууд болох эрдэс баялаг, ноос ноолуур, мах боловсруулах салбарыг нарийвчлан судалсны үндсэн дээр энэхүү судалгааг жил гаруйн хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Энэхүү судалгааг боловсруулах үйлдвэрийн өнөөгийн үзүүлэлт, түүний нийт эдийн засагт оруулах хувь нэмэр, улс орны макро-эдийн засаг, байгууллагын зонхилох нөхцөл байдал, мөн хөгжлийн адил төвшинд байгаа бусад улс орны бүтээмжтэй харьцуулсан үнэлгээнд үндэслэн гаргасан байна.

Уг судалгааны зорилго нь аж үйлдвэрийн хөгжлийн стратегийг тодорхойлох, Монгол Улсын Засгийн газрын аж үйлдвэрийн хөгжлийн зорилт, төслүүдийг бодитоор хэрэгжүүлэхэд нэмэр болох аж үйлдвэрийн бодлогын талаар зөвлөмж өгөхөд оршиж байгаа юм.

Ашигт малтмалын зах зээлийн хэт хамаарлаас үүсч болзошгүй хямралыг даван гарахад Монголын аж үйлдвэрийн бусад салбар, бүтээгдэхүүний хөгжил чухал билээ. Ялангуяа өндөр хөгжилтэй улсад эрэлт хэрэгцээтэй боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлодог улсууд эдийн засгийн хувьд илүү тогтвортой байдгийг түүх болон энэ судалгаа харуулж байна.

Судалгаанд Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, хөгжлийн төлөвийг болон цаашид баялгийн хараал (Mineral curse)-ыг тойрч, өрсөлдөх чадвартай, төрөлжсөн, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэр, үйлдвэрлэлийн салбарт тулгуурласан эдийн засгийг бий болгохын тулд авах зарим арга хэмжээ, зөвлөмжийг тусгасан байгаа. Ингэснээр иргэдийнхээ амьжиргааг улам дээшлүүлэх боломж бүрдэхийг тэмдэглэсэн байна.

Манай орны хувьд өөрийн байгалийн баялаг, мал сүрэг, газар зүйн байршил зэрэг давуу талаа ашиглан олон улсын зах зээлд өрсөлдөх хэрэгтэй бөгөөд энэхүү судалгаа нь доорх 2 зүйлд тулгуурлах шаардлагатайг зөвлөсөн байна.

Нэгдүгээрт, Монголын онцлогийг шингээсэн түүхий эд, хэв загвар, хийцийг илтгэсэн, чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, ноолуур, сарлагын үс, хонь, тэмээний ноос, мах зэрэгт тулгуурласан аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүтцийг өөрчилж нэмүү өртөг шингээх томоохон нөөц бололцоог бүрдүүлэхийг зөвлөсөн.

Хоёрдугаарт, Монголын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчилан таниулснаар дэлхийн зах зээлд өөрийн орон зайг зохих ёсоор эзлэх боломжтойг энэхүү судалгаанд дүгнэсэн байна. Мөн түүнчлэн олон улсын үзэсгэлэн, яармагт оролцох, бараа, бүтээгдэхүүний онцлог байдлыг илтгэсэн маркетингийг идэвхтэй явуулахыг зөвлөсөн байна.

Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжихдээ техник, санхүүгийн судалгаа хийж, хөрөнгө оруулалтыг эргэн нөхөх боломжийг нарийн судлах, ямар баялгаа боловсруулахаа нарийн сонгохыг зөвлөсөн байна. Байгалын баялгаас орж ирэх орлогыг хэрхэн зарцуулахаас дунд болон урт хугацаанд Монгол Улс төрөлжсөн, үйлдвэрлэх салбарт тулгуурласан эдийн засагтай болох эсэх нь шалтгаална гэдгийг онцолсон байна.

ЮНИДО-гийн зүгээс энэхүү судалгааны баримт бичгийн дагуу цаашид тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, тухайлбал монголын эдийн засгийн гол суурь болох эрдэс баялаг, махны үйлдвэрлэл, ноос ноолуур зэрэг салбар тус бүрээр нарийвчилсан судалгаа хийж хамтарсан хөтөлбөр, төсөл боловсруулан хөрөнгө оруулагчдад санал болгон санхүүжилтийг босгох зэрэг ажлыг Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын төрөлжсөн бусад байгууллага, донор оронтой хамтран ажиллах эрмэлзэлтэйгээ илэрхийлсэн. Мөн түүнчлэн аж үйлдвэрийн салбарын байгууллагууд, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхийг санал болгосон.

Чухамдаа эдийн засгийн тогтвортой байдал, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг хангах нэгэн чухал цөм нь дотоодын үйлдвэрлэлийн хөгжил гэж үзэж байна.

Энэхүү судалгаа болон бусад материалыг үндэслэн Монгол Улсын үйлдвэржүүлэлтийн бодлогыг зөв зохистой тодорхойлж, нэн даруй амьдралд хэрэгжүүлэх шаардлага байгаатай Та бүхэн санал нийлнэ биз ээ.

Ингээд нээлттэй хэлэлцүүлэг нээснийг мэдэгдэж, хэлэлцүүлэгт та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье..

Анхаарал тавьсанд баярлалаа.


No comments:

Post a Comment