Monday, May 16, 2011

“ГЕОПОЛИТИКИЙН ШИНЭ НӨХЦӨЛ БАЙДАЛ: СУДЛААЧДЫН ҮЗЭЛ БОДОЛ” ЭШБХ


“ГЕОПОЛИТИКИЙН ШИНЭ НӨХЦӨЛ БАЙДАЛ: СУДЛААЧДЫН ҮЗЭЛ БОДОЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ





Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид аа,
Дипломат ажилтнууд аа,

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Геополитикийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Геополитикийн шинэ нөхцөл байдал: судлаачдын үзэл бодол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирсэн та бүхний амрыг эрэн мэндчилье.
Монгол Улс ардчилал,зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд манай орны гадаад, дотоод орчинд тодорхой өөрчлөлтүүд гарч, улс орны өнөөгийн байдал, хэтийн төлөвт нөлөөлж болзошгүй олон шинэ хүчин зүйлс бий болсоор байна.

Өнгөрсөн зууны сүүлийн хагаст дэлхий дахин капиталист, социалист гэсэн хоёр туйлд хуваагдаж, тэдгээрийн хооронд улс төр, эдийн засаг, үзэл суртал, цэрэг, батлан хамгаалахын зэрэг олон талт өрсөлдөөн, тэмцэл өрнөж байсан бол тэр нь түүх болон үлдэж, эдүгээ хөгжлийн шинэ, томоохон төвүүд үүсэж, өрсөлдөөнийх нь шинж чанар, агуулга өөрчлөгдөж байна. Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, даяаршил, улс төр, эдийн засгийн интеграцийн гүнзгийрэлт зэрэг үйл явц олон улсын хоорондын холбоо, хамаарлыг улам нарийсгаж байна. Үүний зэрэгцээ дэлхий нийтийн анхаарлыг бүхэлд нь татсан шинэ, том асуудал, сорилтууд, тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, байгал орчны доройтол, олон улсын терроризм, цөмийн зэвсэгтэй болох оролдлого, цөмийн эрчим хүчний аюулгүй байдал зэрэг асуудал бий боллоо.

Манай улсын хувьд байгалийн асар их нөөц баялгаа ашиглан, эдийн засгийн чадавхаа эрс дээшлүүлэх нөхцөл боломж бүрдэж байна. Энэ бүх өөрчлөлт, шинэ нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн 3 сарын өмнө УИХ-аар батлуулсан билээ. Товчоор хэлбэл, сүүлийн жилүүдэд геополитикийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдлөө.

Монгол Улс газар зүйн байрлалаараа Ази тивийн геостратегийн чухал түшиц нутаг, их гүрнүүдийн геополитик, эдийн засаг, соёл иргэншлийн ашиг сонирхлын уулзвар, дэлхийн том шашнуудын нөлөөллийн зааг дээр оршдог гэдгийг бид сайн мэднэ. Ази тивд ашиг сонирхлоо хадгалахын төлөө өрсөлдсөн том гүрнүүдийн зөрчил тэмцэлдээн, маргаан сөргөлдөөн монголын ард түмний хувь заяанд хүчтэй нөлөө үзүүлж, зарим тохиолдолд эмгэнэлт явдалд хүргэж байсныг бид мартаагүй байна.Сүүлийн үед Монгол Улсын ашигт малтмалын асар их баялаг дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг татах болж, манай орон тэдгээрийн геостратегийн бодлогын хүрээнд орох магадлал мэдрэгдэж эхэллээ.

Ийм нөхцөлд үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогынхоо залгамж чанарыг хадгалан, цаг ямагт төгөлдөршүүлж, эдгээрт нөлөөлж буй олон талт хүчин зүйлсийг геополитикийн шинжлэх ухааны үүднээс тогтмол тандан судалж, дүн шинжилгээ хийж байх, энэ үндсэн дээр болзошгүй эрсдэл, сорилт, аюул, заналыг урьдчилан харж, тэдгээрийг даван туулахад бэлэн байх нь улс орны хөгжлийн нэгэн чухал зорилт болон тавигдаж байна. Эл асуудал Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой тусгагдсан билээ.

Уг зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд эрдэмтэд судлаачид, мэргэжлийн хүмүүсийн санаа бодол, дүгнэлт зөвлөмж ихээхэн ач холбогдолтой юм.Ийм учир манай яамнаас санаачлан бодлогын судалгааны төрийн бус өмчийн анхны эрдэм шинжилгээний байгууллага болох Геополитикийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа өнөөдрийн энэ бага хурлыг цаг үеэ олсон чухал үйл явдал гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд манай яам болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн гадаад харилцаа, аюулгүй байдал, геополитик, геостратегийн асуудлыг судлах чиглэлийн хамтын ажиллагаа идэвхтэй өргөжиж эхэлсэн нь энэ бага хурлыг зохион байгуулах бололцоог олгосон гэдгийг дашрамд тэмдэглэхийг хүсэж байна.

Тус бага хурлын зорилго нь геополитикийн асуудлыг судалдаг болон улс орны гадаад харилцаа, үндэсний хөгжил, аюулгүй байдал, стратегийн судалгааны салбарт ажилладаг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд уулзан ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцон, геополитикийн шинэ нөхцөл байдлын учир шалтгаан, мөн чанар, Монгол Улсын төрийн бодлогын геостратегийн агуулга, тулгарч буй сорилтууд, тулгамдсан асуудлуудын талаарх санаа бодлоо нэгтгэн дүгнэх, үүний үр дүнд төр засгийн удирдлагад танилцуулах шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулахад орших юм.

Тус бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн эрдэмтэн, мэргэжилтэнТа бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхнийг бага хурлаар хэлэлцэж буй асуудалд нухацтай хандан, үнэтэй дүгнэлт, шинэ санаануудыг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Төгсгөлд нь шинээр байгуулагдсан Геополитикийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүд болох манай улсын нэр хүнд бүхий академич, доктор, профессоруудад болон тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач бүх хүмүүст талархал илэрхийлж, эрдмийн ажил үйлс тань үр дүнтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Бага хурлын ажиллагааг нээснийг мэдэгдье.

Анхааран соёрхсонд баярлалаа.

No comments:

Post a Comment