Sunday, January 2, 2011

Гадаад харилцааны 2010 оны онцлох 9 ажил

Гадаад харилцааны яам болон хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, тус яамны харьяа агентлагууд Монгол Улсын Гадаад харилцааны бодлогыг 2010 онд хэрхэн урагшлуулсан болон түүний хэрэгжилт ямар байгааг тоймлон хүргэе.

Гол түнш орнуудтай хоёр талын харилцаа шинэ төвшинд гарав

Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэхээр хамтарсан мэдэгдэл гаргасан нь улс төрийн харилцааны чиглэлээр энэ онд гарсан гол амжилт болов. 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Япон Улсын иргэд 30 хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчих тухай шийдвэр гаргасан нь тус улсаас ирэх жуулчдын тоог эрс нэмэгдүүлэв. Мөн Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн судалгааны ажил эхлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Японы Парламентад үг хэлсэн хүндэтгэл, байгаль орчныг хамгаалах, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зориулсан хоёр шаттай 60 сая ам.долларын зээлд гарын үсэг зурсан нь хоёр орны хамтын ажиллагааг улам батжуулсан томоохон үйл явдал болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 4 дүгээр сарын 28аас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 6 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Дээрх айлчлалуудын үеэр эдийн засаг, соёл, боловсрол, дэд бүтцийн чиглэлээр 12 гэрээ, хэлэлцээр байгуулав. Хятадын тал 90 сая юанийн буцалтгүй тусламж олгож, манай улсын боловсруулах аж үйлдвэр, түүний дотор хөдөө аж ахуйн салбарыг дэмжихэд зориулж 500 сая ам долларын хөнгөлттэй зээл олгоход бэлэн байгаагаа мэдэгдэв.

2010 он соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой жил болов. Хоёр тал “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурав. Хятадын Хөхнуур мужийн газар хөдлөлтөд өртсөн бүсийн 60 хүүхдийг Монголд урьж амруулав. Хятадын тал ирэх 5 жилд 300 залуучуудыг Хятадад зочлуулах, 2000 оюутныг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болсноо мэдэгдэв.

Харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт эрчимтэй өргөжиж буй байдлыг үндэслэн хоёр улсын харилцааны түвшинг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэх талаар санал солилцож байна.

Монгол–Оросын харилцаа 2009 оны Монгол улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалын дагуу бүхий л салбарт өргөжин тэлж хөгжиж байна. Дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлцээ идэвхтэй явагдсанаас Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар энэ сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалыг онцлон дурдмаар байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлсэн олон баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Тухайлбал, Оросын Холбооны Улсын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх Хөтөлбөр, Бүс нутаг болон хил орчмын нутгийн хамтын ажиллагааг 2011-2012 онд эрчимжүүлэх нэн тааламжтай эрх зүй, худалдаа-эдийн засгийн болон бусад нөхцлүүдийг бүрдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын ачааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр хөнгөлөлттэй нөхцлөөр дамжуулан тээвэрлэх тухай Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Зам тээврийн яамны хоорондын Санамж бичиг зэргийг онцолмоор байна.

Мөн ураны салбарт хамтран ажиллах, Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг Оросын Холбооны Улсын алс дорнодын боомтуудад дамжин тээвэрлэх, түүний дотор төмөр замын урт хугацааны хөнгөлөлттэй тариф тогтоохтой холбогдсон асуудлыг тохиролцох, нэгдсэн харилцан ашигтай шийдэлд хүрсэн байна.

Мөн Европын холбоотой харилцах харилцаа улам бэхжив. “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулах цуврал хэлэлцээг амжилттай хийж, хоёр тал хамарсан бүх асуудлаар тохиролцоонд хүрч хэлэлцээрийг 2010 оны 12 дугаар сарын 20-нд үзэглэв. Энэ хэлэлцээр нь худалдаа, эдийн засаг, бусад бүх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр өгөөжөө өгөв

Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилж, Монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах бодит сонирхол эрс нэмэгдлээ. Манай улс 2010 оны эхний 11 сарын байдлаар дэлхийн 130 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5421.8 сая ам.доллар болсноос “Эдийн засагжуулах хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн мөн үеийнхээс 51.0 хувиар, үүний дотор экспорт 52.0 хувиар, импорт 50.2 хувиар тус тус өссөн байна. Манай улс 2010 оны эхний 11 сард 65 оронд бараа экспортолсны 98.1 хувийг Канад, ОХУ, Их Британи, Итали, БНСУ, ХБНГУ эзэлж байна.

Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн “Экспортыг дэмжих, төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэх” үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд экспортыг дэмжсэн арга хэмжээ авч хэрэгжүүлснээр өмнөх оны мөн үеэс эрдэс бүтээгдэхүүний экспорт 73.9 хувиар, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 15.8 хувиар тус тус өсжээ.

Мөн хөтөлбөр хэрэгжсэнээс хойш буюу 2010 онд Засгийн газрын гадаа зээл, тусламжийн хүрээнд 5.3 сая евро, 94.2 сая ам.доллар, 5.1 сая зээлжих тусгай эрхийн өртөгтэй арван төслийг хэрэгжүүлж эхлээд ажиллаж байна.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал шинэчлэгдэнэ

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж, яамд, агентлаг, шинжлэх ухааны байгууллагуудаас санал авч тусган нэгтгэж, 2010 оны 11 дүгээр сарын 10-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэв. Одоо уг баримт бичгийг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Олон талт хамтын ажиллагаа өргөжин дэвшив

НҮБ, түүний системийн болон олон улсын бусад байгууллага, олон талт механизмын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, олон улсын хамтын нийгэмлэг дэх Монгол Улсын оролцоо, хувь нэмэр, байр суурь бэхжив.

Ази-Европын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож олон улсын тавцанд өөрийн улсын байр сууриа бэхжүүлэв. Монгол Улс Олон Улсын Атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурал, Ерөнхий Ассамблейн эдийн засаг, санхүүгийн хорооны Даргаар амжилттай ажиллаж олон улсын улс төр, санхүү эдийн засгийн томоохон асуудлыг шийдвэрлүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд болон Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал харилцан айлчлал хийж Монгол Улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр зарлав.

Энэ 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо болсон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 4 дүгээр уулзалтын үеэр Монгол Улс тус олон талт чуулга уулзалтын гишүүнээр батлагдаж, нэгдэн оров. ФЕАЛАК нь Зүүн Ази болон Латин Америкийн хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол болон улс төр, эдийн засгийн яриа хэлцээг хөгжүүлэх зорилгоор 1999 онд байгуулагдсан албан ёсны яриа хэлцээний механизм бөгөөд эдүгээ энэхүү олон талт үйл явцад нийтдээ 33 орон багтаж байгаагаас 15 нь Зүүн Азийн, 18 нь Латин Америкийн орнууд болно. Манай улс ФЕАЛАК-т нэгдсэнээр энэхүү олон талт үйл явцын гишүүн орнуудын тоо 34 болов.

Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигтай тэмцэх зорилтыг урагшуулах чиглэлд үр дүнтэй ажиллаж, өвөлжилтийн хүндрэлийг даван туулах, эдийн засаг, нийгмийн хохирлыг бууруулахад НҮБ болон банк, санхүүгийн олон улсын байгууллага, хандивлагчдаас нийт 30 сая орчим ам.долларын тусламжийг дайчилж зудад өртсөн малчдад дэмжлэг үзүүлэв. Түүнчлэн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолойд хийсэн Засгийн газрын тусгай хуралдаанаас 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тусгай хуралдаан хийж дэлхийн хамтын нийгэмлэгт хандан уриалга гаргаж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд танилцуулав.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс оролцож, Сеьрра Леоне, Чад дахь ажиллагаанд нийт 600 орчим цэрэг, Судан, Баруун Сахар, Конго дахь ажиллагаанд 8 цэргийн ажиглагч офицер оролцож байгаа бөгөөд Суданд цэргийн хээрийн эмнэлэг, Ливан дахь ажиллагаанд 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг илгээх асуудлыг шийдвэрлүүлэв.

Европ стандарт нутагших эхлэл тавигдав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 2 дугаар сард Европын холбооны шинэ удирдлагатай яриа хэлэлцээ хийсэн. Монгол Улсын Гадаад харилцааны сайд ХБНГУ-д 11 жилийн дараа албан ёсоор айлчилж, Монгол-Германы иж бүрэн түншлэлийг гүнзгийрүүлсэн. Монгол Улс, Европын Холбооны “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Европын холбооны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх талаар хамтран ажиллах тухай бүлэг оруулав. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Европын холбооны Аюулгүй байдал, гадаад бодлогын дээд төлөөлөгч болон Европын холбооны гишүүн Зүүн Европын орнуудын Гадаад хэргийн сайд нарт захидал илгээж, Европын холбооны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх, энэ талаарх тэдгээр улсын туршлагыг судлахад туслалцаа үзүүлэхийг хүссэн бөгөөд тэд манай саналыг дэмжсэн хариу ирүүлэв. Мөн Европын холбооны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг дэмжих зорилгоор Европын холбооноос тус улсад 8 сая еврогийн буцалтгүй тусламж 2011-2012 онд үзүүлэх тухай хэлэлцээрт 2010 оны 11 сарын 11-нд гарын үсэг зурав.

Монгол Улсын павильоныг 2,3 сая хүн үзэж сонирхов

ГХЯ-ны энэ жилд хийсэн томоохон ажлын нэг нь Монгол Улс “ЭКСПО 2010 Шанхай” дэлхийн үзэсгэлэнд оролцсон явдал байлаа. 189 орныг хамарсан энэхүү дэлхийн үзэсгэлэнд Монгол улс оролцсоноор өөрийн павильонд нийт 2.3 сая гаруй зочин хүлээн авав. Энэ нь олон улсад өөрийн улсын хөгжил, түүх, ёс заншил, бахархах үнэт зүйлээ дэлгэн харуулах томоохон боломж болсон юм.

Цөмийн салбарын гадаад бодлогын хөтөлбөрийн хэрэгжилт амжилттай байна

Гадаад харилцааны сайдын удирдлагаар Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж, “Цацраг идэвхит ашигт малтмал цөмийн энергийг ашиглах талаар гадаад орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр”-ийг боловсруулсан. Монгол улсын уран, цөмийн салбарт баримтлах бодлого гадаад бодлоготой хэрхэн уялдаж буй талаар ОХУ, БНХАУ, Япон, Франц, АНУ, Энэтхэг улсуудад таниулах сурталчлах ажлыг зохион байгуулсан. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад Монгол улс-АНУ хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Мөн Монгол улс-Франц улсын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь Монгол-Францын харилцаанд гарсан чухал үйл явдал боллоо. Монгол-Оросын хамтарсан “Дорнод уран” ХХК байгуулах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Монгол улс-БНХАУ-ын хооронд агентлагийн төвшинд мөн санамж бичиг байгуулав.

Шинэ үеийн дипломат албаны 100 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улсын шинэ үеийн дипломат албаны 100 жилийн ойг угтаж хийх ажлын төлөвлөгөө, уг ажлыг удирдан зохион байгуулах комиссыг сайдын тушаалаар байгуулж ажиллав. “Монгол Улсын Гадаад харилцааны түүх /1911-2011/”, “Монгол Улсын Гадаад харилцааны яамны түүх /1911-2011/”, “Монгол Улсын дипломат албаны зүтгэлтнүүдийн намтрын эмхэтгэл” номуудын бичлэгийг дуусгаж, “Монгол Улсын Гадаад харилцаа 100 жилд” гэрэл зургийн цомог хийх ажлыг үргэлжлүүлж байна. Мөн “Монгол Улсын гадаад харилцаа 100 жилд” баримтат кино болон сери маркийг захиалан хийлгүүлж байна. Монголч эрдэмтдийн Х их хурлыг 2011 оны 8 дугаар сард “Монгол Улсын Гадаад харилцаа ба Олон улсын хамтын нийгэмлэг” сэдвээр хийхээр Засгийн газрын тогтоол гаргуулав. Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчдын нэг Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд Чин ван Мижиддоржийн Ханддоржийн өргөө-цогцолборыг Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей болгож, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн цогцолбор болгох шийдвэрийг Засгийн газраар гаргуулав.

Гадаад харилцааг эрдэмжүүлж, хүний нөөцийн бодлогоо шинэчлэв

Гадаад харилцааг эрдэмжүүлэх чиглэлэр ШУА-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол улсын гадаад чиг бодлого авч хэрэгжүүлэх алхам, үйл ажиллагааг нарийн төлөвлөх, ул суурьтай судалгаан дээр үндэслэн үнэлж цэгнэх, дүн шинжилгээ хийх үүднээс ГХЯ-ны дэргэд “Сургалт судалгааны төв”-ийг байгуулав.

Дипломат албыг өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай боловсон хүчнээр бэхжүүлэх, тус албанд анх орох иргэнээс авах шалгалтыг шударга, ил тод, нээлттэй болгох үйл ажиллагааг улам боловсронгуй болгох үүднээс “Дипломат албаны төрийн тусгай албанд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалт авах журам”-ыг шинэчлэн боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулах мөрдөж ажиллав. Засгийн газрын тогтоолоор дипломат албан тушаал эрхлэх шаардлагыг өндөрсгөх, дипломат ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажилтнуудад хариуцлага тооцож байх зорилгоор “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж батлуулав.

Гадаад харилцааны яам

1 comment:

  1. Баярлалаа энэ мэдээллийг хийсэнд
    илүү их мэдээлэл авмаар байна
    хэдэн тодруулж асуух зүйл байна
    тэр майл хаягаар яаж холбогдож юм асуух вэ??????????????

    ReplyDelete