Sunday, February 14, 2010

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын Цагаан сарын мэндчилгээ


Эрхэм хүндэт иргэд ээ,
Гадаад орнуудад ажиллаж, амьдарч байгаа монголчууд аа,


Монгол орны минь өнцөг булан бүрт таван тансаг идээ шүүсээ дэлгэн, айл саахалт, ахан дүүс, ураг садан, хотол олноороо цуглан инээд хөөр, баяр жаргал халгиж байгаа энэхүү Цагаан сарын баярын ёслолын билэгт сайн өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Цаг цагийн эргэлтээр шороон үхэр жил улиран одож, тийн урвагч хэмээх төмөр бар жилтэйгээ Монголчууд бид ийнхүү золгож байна. Манай ард түмэн жилдээ нэгэнтээ тохиох Цагаан сарыг элбэг дэлбэг, билэг дэмбэрэлтэй угтаж, ахас ихэсээ хоймроо хүндэтгэн суулгаж, үгийн сайхныг хэлж, хүлгийн сайныг унаж, өнгөний сайхнаар гоёцгоож, хөөрөг юугаа зөрүүлж, энэ өдрийг баяр баярын дээд жинхэнэ “Монгол баяр” хэмээн хүндэтгэн дээдэлсээр ирсэн өнө эртний баялаг уламжлалтай билээ.

Монголчууд сургаал үг сонсож, тэндээс сэтгэлийн их хүч тэнхээгээ сэлбэн авч, өөдлөн урагшилдаг ард түмэн болохоор энэ өдөр ахмад дээдсийнхээ болон эрдэмт багшийнхаа айлдварыг шимтэн анхаарч, үдэж буй жилээ дүгнэж, ирэх цагийн дүн нурууг өөр зуураа шинжин билэгшээн ярилцаж, юунд тэмүүлэн зорьж, юунд хүрэхээ дор бүрээ нягталдаг бөлгөө.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа монголчууд аа,

Та бүхэндээ Төгс буянт шинэ зурхайн ёсны арванзургадаар жарны тийн урвагч хэмээх төмөр бар жил жилдээ юу хүссэн есөн эрдэнийн сайн хүсэл тань биелж, хотлоороо хосгүй жаргалтай, иргэдээрээ элбэг дэлбэг, хотойшгүй баян, хорошгүй дэлгэр, өвчин зовлонгүй эрүүл энх тунх, өнөд мандахын ерөөл учралыг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

No comments:

Post a Comment