Tuesday, February 2, 2010

Сайд Г.Занданшатар Монголын татварын орчны талаар мэдээлэл хийжээ


Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2010 оны хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар зохион байгуулагчдын урилгаар зарим арга хэмжээнд оролцов. Чуулга уулзалтын хүрээнд нэгдүгээр сарын 29-нд Давос хотын Дерби зочид буудалд зохион байгуулагдсан эрдэс баялаг, металын салбарын ирээдүйн хөгжлийн талаархи дэлхийн зөвлөлийн санаачлагын хүрээнд эрдэс баялаг ашиглахад олон улсын түвшинд баримтлах гэрээ хэлэлцээрийн жишиг загварыг бий болгох боломжийг сүүлийн 2 жил Давосын чуулга уулзалтаар авч хэлэлцэн судалж байгаа билээ. Энэ сэдвээр засгийн газар, хувийн хэвшил, олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон энэ удаагийн уулзалтад сайд Г.Занданшатар оролцож үг хэлэв. Тэрээр уул уурхайн чиглэлээр, ялангуяа эрдэс баялгаа үр өгөөжтэй ашиглаж байгаа улс орнуудын шилдэг жишээ, туршлагаас суралцахын ач холбогдлыг тэмдэглэж, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлага гарган ажиллаж байгааг уулзалтад оролцогсдод мэдээлж, энэхүү санаачлагын хүрээнд Монгол Улсад бүсийн хэмжээний уулзалт хийхийг сайд Г.Занданшатар санал болгов. Оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил 6 жил удааширсан учир шалтгаан, уг хэлэлцээрийн ач холбогдлын талаар хуралдаан даргалагчаас хүссэний дагуу тодорхой мэдээлэл өгч уг төслийн болон уул уурхайн салбарын өөрийн улс орны эдийн засаг, ирээдүйтэй холбон ярив. Мөн өөрийн улс орны татварын орчны талаар мэдээлэл хийсэн байна.
Мөн чуулга уулзалтын хүрээнд нэгдүгээр сарын 30-нд хурлын төвийн байранд “Эдийн засгийн хөгжлийн төлөө хамтын ажиллагааны шинэ загварууд” сэдэвт хуралдаанд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар зочноор оролцож, өнөөгийн нөхцөл байдалд гадаад түншүүдээс олгож байгаа албан ёсны тусламжийг үр өгөөжтэй ашиглахад хувийн хэвшил, засгийн газрын түншлэл чухал болохыг тэмдэглэв. Хувийн хэвшил, иргэний нийгмийн гадаад тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдэд зохистой оролцуулах явдал тухайн тусламжийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болохыг дэлхийн эдийн засгийн удирдагчид, бизнесийн төлөөлөгчид, мэргэжилтнүүдтэй санал солилцож үг хэлэв.
Сайд Г.Занданшатар Давосын чуулга уулзалтын үеэр Британийн хааны гэр бүлийн гишүүний нэг Йоркийн Гүн, Хунтайж Эндрю-д Гадаад харилцааны сайдын нэрэмжит “Алтан Гэрэгэ” шагнал гардуулав. Шагналыг талархан хүлээн авч хэлсэн үгэндээ Хунтайж Эндрю Монгол-Британийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр өөрийн зүгээс хамаарах бүхнийг хийхээ илэрхийлэв.
Мөн тэрээр Норвегийн угсаа залгамжлагч Ханхүү Хаакон, Шведийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны сайд Гүнилла Карлссон болон бизнесийн хүрээнийхэн, судлаачидтай уулзаж, тэдэнтэй хамтын ажиллагаа хөгжүүлж, хэлхээ холбоо тогтоох боломж бололцооны талаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ШХУ-ын Сант Мориц хотноо нэгдүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсын Цюрих хотноо тус улсын Цюрих, Аргови, Баль-Виль, Баль Кампань, Луцерн, Аппнцелл Род, Гларис, Обвальд, Нидвальд, Шафхаузен, Швиц, Цуг, Сант Галь, Ури зэрэг кантонуудыг хамарч ажиллахаар томилогдсон Өргөмжит консул У.Шварценбахад Өргөмжит консулын патент гардуулах ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт оролцож Өргөмжит консулын патентийг ноён У.Шварценбахад албан ёсоор гардуулав. Ёслолын ажиллагаанд Сант Мориц хотын дарга болон тус хот, кантоны холбогдох газар, албаны удирдлага оролцов.

No comments:

Post a Comment