Monday, May 17, 2010

Монголын Эдийн засгийн өсөлтийн талаар Германд илтгэл тавина

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 18–22-ны өдрүүдэд ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд ноён Г.Вестервеллегийн урилгаар ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо. Энэ удаагийн айлчлал нь 1999 онд ГХ-ны сайд хамгийн сүүлд ХБНГУ-д айлчилснаас хойш 11 жилийн дараа хийж байгаагаараа онцлогтой юм.
“Дуурийг дэмжих найз нар“ холбооны 10 жилийн ойд зориулсан номын дээжийг гардуулах ёслолын арга хэмжээнд юуны өмнө оролцоно. Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хүрээнд Монгол-Германы бизнесийн чуулга уулзалтыг нээж үг хэлнэ. Бизнес эрхлэгчдийн энэхүү уулзалтанд хоёр тал багагүй ач холбогдол өгч байгаа.
Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Др.Петер Аммон, Бундестагийн Герман-Төв Азийн Парламентийн бүлгийн дэд дарга хатагтай Үтэ Күмпф нар Гадаад харилцааны сайд Г.Занданшатарыг хүндэтгэн зоог барина.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Г.Вестервелле нар ажил хэргийн уулзалт хийнэ. Мөн Холбооны Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Др. Бернд Паффенбах, Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн, хатагтай Анке Фүкс нарыг хүлээн авч уулзана.
Пүрэв гаригт Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Дирк Нийбелтэй уулзана. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Берлин, Бранденбургийн “Коммерцбанк” ХК дээр зочилж “Монгол Улсын Эдийн засгийн хөгжил–Германы эдийн засагтай хамтран ажиллах боломж, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавина.
Мөн оройноо Бундестагийн Гадаад бодлогын байнгын хорооны дарга ноён Рупрехт Поленц болон тус байнгын хорооны гишүүдтэй уулзана.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Саксон муж улсын Ерөнхий сайд ноён Станислав Тиллихтэй уулзаж, Липпендорф дахь “Vattenfall Europe Generation AG Co. KG” цахилгаан станц үйл ажиллагаатай танилцан, Лайпциг хотын “Алтан ном” хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурна. Айлчлалынхаа төгсгөлд Монгол Улсаас ХБНГУ-д сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй уулзаж халуун яриа өрнүүлнэ.

No comments:

Post a Comment