Sunday, January 24, 2010

Гадаад харилцааны салбарынхан тусламжийн гараа сунгаж эхэллээ

Цаг агаар, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан хандивлагч байгууллагуудаас хандив, тусламж авах, нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ГXЯ-наас Улаанбаатар даxь Дипломат төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллагуудын төлөөлөгч нарт зориулан мэдээлэл xийсэн билээ. Уг арга хэмжээнд 17 олон улсын байгууллага, 10 Дипломат төлөөлөгчийн газар /ДТГ/-ын нийт 47 төлөөлөгч оролцсон.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаатар Монгол Улс дахь өвөлжилтийн байдал хүнд, зарим аймаг, сумдын хувьд онцгой хүнд байгаа болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй холбогдох арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, улмаар хандивлагч, түнш байгууллагуудын туслалцаа, дэмжлэг шаардлагатай байгаа тул хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн.
ДТГ, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн сацуу юуны өмнө яг ямар төрлийн тусламж шаардлагатай байгаа, өмнө нь тохиолдож байсан зудаас ямар сургамж авсан, тусламжийг ард иргэдэд хэрхэн, яаж хүргэх, энэ тал дээр тодорхой бодлого байгаа эсэх зэрэг асуудалд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэв.
Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгч хэлсэн үгэндээ тус байгууллага Засгийн газраас авч хэрэгжүүлж буй гамшгийн эсрэг бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлж ирснийг дурдаад, “H1N1” ханиадны халдварын эсрэг арга хэмжээнд 1 сая ам.доллар зарцуулаад байгаа тухай мэдээлэв. Түүнчлэн, тэрээр өнгөрсөн жил байдал хүндрэхэд хоол хүнсний туслалцаа хэрэгтэй гэж байсан хэдий ч хоол хүргэсэн айл өрхүүд өвлийн идэш хангалттай бэлтгэсэн байгаа тухай дурдаж байсан. Иймд яг ямар туслалцаа шаардлагатайг зөв тодорхойлоход анхаарах ёстой гэв.
Төлөөлөгчид мөн одоогийн өвөлжилтийн байдал дангаараа бус хавар гол асуудлууд ундрах болно, иймээс дунд хугацааны хөтөлбөр байгаа эсэх, энэ тал дээр Засгийн газраас ямар бодлого баримталж буй талаар асууж лавлав.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/–ын төлөөлөгч их хэмжээний бэлэн мөнгөний туслалцаа үзүүлэх боломжгүй хэдий ч Засгийн газарт дэмжлэг үзүүлэхүйц зарим механизм байгааг хэлээд өөрсдийн үнэлгээний багийн дүгнэлтийг үндэслэн хэдий хэмжээний тусламж үзүүлэх боломжтойг тодорхойлох болно гэв.
Улаан загалмайн нийгэмлэгийн суурин төлөөлөгч Улаан загалмайн Гамшигтай тэмцэх яаралтай тусламжийн сангаас Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хүсэлтийн дагуу өнгөрсөн Баасан гарагт үйл ажиллагаанд нь зориулан 145 000 ам. долларын тусламж олгосон тухай мэдээлээд олон улсын үнэлгээний баг авчирч ажиллуулж байгаа тухайгаа хэлэв.
Оролцогчид санал болгосны дагуу 7 хоног тутам мэдээлэл бэлтгэж, ДТГ болон бусад ОУБ-уудад хүргүүлж байхаар болсон байна. Дараагийн мэдээллийг энэ сарын 26-нд НҮБ дээр болох хандивлагчдын уулзалт дээр хийхээр төлөвлөж байна.




No comments:

Post a Comment