Monday, December 28, 2009

Гадаад харилцааны сайд нэрэмжит шагналаа анх удаа гардуулав

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын санаачилгаар Монгол улсыг гадаадад сурталчилсан, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, албан байгууллагуудад “Алтан гэрэгэ” шагнал олгож байхаар тогтлоо. Энэ удаагийн анхны шагналын эздээр Йоркийн хунтайж Эндрью, Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Янагасива Токужи, Нидерландын “Монгол сайхан” санг сонгон шалгаруулж шагналыг нь гардуулан өглөө.
Ингээд Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр сийрүүлье.

Эрхэмсэг, хатагтай ноёд оо!
Та бүхэнд юуны өмнө ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсыг гадаадад сурталчлах, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, урлаг, спорт болон нийгмийн бусад салбарт гадаад орнуудтай харилцах, гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжийг дэмжин урамшуулах зорилготой Гадаад харилцааны сайдын нэрэмжит “Алтан гэрэгэ” шагналыг саяхан бий болгосон юм.
Их Эзэн Чингис хаан “Алтан гэрэгэ” хэмээх эрхэмсэг агаад ёсорхог баталгаа тэмдгийг өөрийн төлөөлөгчдөдөө Монгол төрийн алтан аргамжийг бататгах үйлсэд чин шударга хүчин зүтгэхийг даалган соёрхож байсан билээ.
Энэхүү нэр хүндтэй шагналыг анх удаа гардуулах ёслол өнөөдөр болж байна. Энэ ёслол шинэ оны босгон дээр, Монгол Улсын дипломат албаны баярын өдөр тохиож байгаа нь бүүр ч их билэгшээлтэй юм.
“Алтан гэрэгэ” шагналд нэр дэвшүүлэн шалгаруулах, гардуулах ажлыг зохион байгуулах комисс, ГХЯ-ны газрууд болон хилийн чанадад суугаа манай ДТГ-уудын саналыг шүүн тунгаасны эцэст уг шагналын ууган эздээр Йоркийн хунтайж Эндрью, Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Янагасива Токужи, Нидерландын “Монгол сайхан” санг сонгон шалгаруулсныг зарлан толилуулахад таатай байна.
Эдгээр сайн үйлстнүүдээс өнөөдөр “Монгол сайхан сан”-д шагнал гардуулан өгөх боломж олдсонд баяртай байна. Тус сан нь 2001 онд байгуулагдсанаас хойш манай нийгмийн олон салбарт өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тухайлбал, ДБЭТ-т санхүүгийн дэмжлэг үзүүлэн гадаадад аялан тоглоход нь байнга тусалсан байна.
Мөн нийслэлийн 60-р дунд сургуулийн манлай сурагчид Нидерландад суралцах тэтгэлэг олгож, тус сургуулийн сурагчдыг гадаад хэлний “Сантис” төвийн сургалтанд хамруулжээ.
Мөн ДОХ-оос урьдчилан сэргийлэх ажилд хандив өгч тусалж иржээ.
Манай хүүхэд, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, урлаг соёлыг хөгжүүлэхэд үнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Нидерландын “Монгол сайхан” сангийн хамт олонд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, Монгол Улсын Гадаад харилцааны сайдын нэрэмжит “Алтан гэрэгэ” шагналыг гардуулъя.
Та бүхний ач буянтай үйлс улам дэлгэрэх болтугай.


Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэддээ хандаж Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын илгээсэн шинэ жилийн мэндчилгээ

Манай гаригийн өнцөг булан бүрт суугаа Монгол улсын иргэд ээ!
Эх орон нэгт ахан дүүс та нартаа ирж буй шинэ жилийн мэнд хүргэж, ажил үйлс бүтэмжтэй, амжилт бүтээл арвин, аз жаргал дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Justify Full
Улиран одож буй 2009 он манай орны хувьд төдийгүй олон улсад хүнд хэцүү, сорилтын жил болж өнгөрлөө. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай оронд ч хүчтэй нөлөөлж, эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл, бэрхшээл учрууллаа. Гэвч манай төр засаг, ард иргэд, аж ахуйн нэгжүүд хямралыг сөрөн хамтран ажилласны дүнд багагүй амжилт оллоо. 2009 онд манай тариаланчид 390 орчим мянган тонн үр тариа, 150.5 мянган тонн төмс хурааж авсан нь дотоодынхоо хэрэгцээг бараг хангах нөхцлийг бүрдүүллээ. Баатарлаг малчид маань эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж 43 гаруй саяд хүргэлээ.

Улс орны эдийн засгийн тэргүүлэх салбар-уул уурхай цаашид эрчимтэй хөгжих замд орлоо. Дэлхийд томоохонд орох Оюутолгой зэсийн ордыг ашиглах гэрээг 2009 оны намар гадаадын хөрөнгө оруулагчидтай байгууллаа. Цаашид нүүрс, уран, мөнгө зэрэг эрдэс баялгийг ашиглах, тэдгээрийг дагасан дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тулгарч байна.

Тус яам “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулж, 2009 оны 10 сард Засгийн газраар батлуулсан бөгөөд цаашид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс улс орондоо гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өсгөх чиглэлээр идэвхитэй ажиллах болно.

Ардчилсан хувьсгал өрнөж эхэлсний 20 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэв. Энэ түүхэн богино хугацаанд манай улс зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн шилжилтийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийн олон улс орон, олон улсын байгууллагуудтай үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаагийн дүнд манай орны олон улсын нэр хүнд өсөж байгааг тэмдэглэхэд таатай байна. Үүний хамт гадаадад ажиллах, сурах манай иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд эдүгээ 120 мянгад хүрчээ. Гадаадад оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь манай гадаад бодлогын нэн тэргүүний чиглэл болж байна.

Монгол улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарын зөвлөгөөнийг 2008 оны эцсээр, Монгол Улсын өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалтыг 2009 оны 9 сард тус тус зохион байгуулж, хилийн чанадад суугаа манай улсын иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах талаар 35 дипломат төлөөлөгчийн газар, 38 оронд байгаа 66 өргөмжит консултай тодорхой ярилцаж, хийх ажлаа төлөвлөлөө.

Гадаадад суугаа манай ДТГ-ууд иргэдийнхээ судалгаа бүртгэлийг бүрэн гаргаж, ахуй нөхцлийг нь судалж, ажлын газар, сургуулийн удирдлагуудтай нь холбоо тогтоох, иргэдийг хүлээн авах тусгай өдөртэй болох, иргэдийн санал хүсэлтийг шуурхай барагдуулж байхыг би саяхан гаргасан албан даалгавартаа тодорхой заасан.

Мөн гадаад орнуудад суугаа манай улсын иргэд, оюутан сурагчид, эрдэмтэд, уран бүтээлчид, бизнес эрхлэгчидтэй байнгын холбоотой ажиллаж, нэгдсэн мэдээллийн бааз бий болгох, улс эх орноо сурталчлахад татан оролцуулах, тэдний сургалт судалгаа, уран бүтээл, бизнесийн ажилд аль болох дэмжлэг тусламж үзүүлж байхыг ДТГ-даа бас үүрэг болгосон.

Иймд иргэд та бүхэн суралцаж, ажиллаж, амьдарч байгаа орондоо суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар болон өргөмжит консулуудтай байнгын холбоотой байж эрх зүйн болон бусад туслалцаа авч, эрх ашгаа хамгаалуулан, санал бодлоо илэрхийлж, харилцан бие биендээ тусалж, хамтран ажиллахыг хүсч байна.

Хилийн чанадад эрх ашиг нь хөндөгдсөн, гачигдал зовлон учирсан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Иргэдэд туслах сан”-г байгуулан ажиллаж байна.

Иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс 16 улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулан мөрдөж байна. Цаашид харилцан визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яам хүч чармайлтаа тавин ажиллаж байгаа бөгөөд зарим тодорхой үр дүн 2010 оноос гарна гэж найдаж байна.

Хилийн чанадад суугаа манай иргэдэд суугаа орныхоо хөгжил, дэвшлийн ололт амжилтыг анхааран судалж, тэргүүний арга туршлага, ноу-хау, орчин үеийн стандарт, шалгуурыг эх орондоо шилжүүлэн хэрэгжүүлэх, улс орны хөгжлийг хурдасгахад хэрэгтэй шинэлэг санаа, оноог уламжлан дэвшүүлж байхыг хүсье.

Та бүхэн улс орныхоо хөгжил, дэвшлийн төлөө байнга санаа тавьж, сурсан эрдэм, олсон туршлагаа эх орондоо харамгүй зориулах хүсэл эрмэлзэл дүүрэн явдагт бид их баяртай байдаг бөгөөд цаашид та бүхний хувь нэмэр, тус дэм улам өсөн нэмэгдэнэ гэж итгэж байна.

Та бүхнийг байнгын холбоо, харилцаатай байж, санал хүсэлтээ тогтмол уламжлан бидэнтэй хамтран ажиллахыг би Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд уриалж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яам та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.

Та бүхэндээ эрүүл энх, эрч хүч, олз омог дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

Монгол Улсын Их Хурлын гишүүн
Засгийн Газрын гишүүн
Гадаад харилцааны сайд Гомбожавын Занданшатар