Showing posts with label Тойрогт хийсэн ажлууд. Show all posts
Showing posts with label Тойрогт хийсэн ажлууд. Show all posts

Tuesday, December 27, 2011

Залуу малчид Баянхонгорт чууллаа

Баянхонгор нутагт энэ жил өнгөтэй өвөл болж байна. Байгалийн гэнэтийн үзэгдэл, зуд тур­ханы гашуун зовлонг хонгор нутгийн малчид хэдэнтээ амссан. Тиймээс ч хэцүү бэрх цагийг хохиролгүй давах, малынхаа ашиг шимийг өсгөх, зах зээлд өндөр үнээр нийлүүлэх нь малчдын нэн тэргүүний зорилго болоод буй. Энэхүү хэрэгцээ шаардлагыг орон нутгийн удирдлагууд олж харан малчдынхаа боловсролыг дээшлүүлэх талаар шат дараатай ажил хийж эхэлсний нэг нь “Малчдын боловсролыг дэмжих нь” залуу малчдын зөвлөгөөн. Энэ сарын 24, 25-ны өдөр болсон залуу малчдын зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох мэргэжилтнүүд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, 19 сумаас тус бүр нэг сайн малчин, 100 гаруй багаас тус бүр хоёр малчин, багийн засаг дарга гээд 370 орчим хүн оролцсон юм. “Малчдын боловсролыг дээшлүүлэх шаардлага, үр дүн” гэсэн үндсэн сэдвээр тус аймгийн Засаг дарга Д.Амарсанаа илтгэл тавьсан бол “Монгол мал” хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар “Малчдын талаар төрөөс баримталж буй бодлого”-ыг малчдад дэлгэрэнгүй танилцуулсан. Баянхонгор аймагт 24 мянга орчим малчин өрхөд 82 мянга гаруй иргэн амьдардаг. Энэ нь аймгийн нийт иргэдийн 40 гаруй хувь нь малчин гэсэн үг. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд тусм аймгийн 320 гаруй өрхийг малжуулж, 67 өрхийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжид хамруулжээ. Улсын төсөвийн гурваас багагүй хувийг “Монгол мал” хөтөлбөрийг хэрэг­жүүлэхэд зарцуулахаар баталсан нь цаашлаад малчдын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаа­рахад түлхэц болно гэж үзэж байгаа аж. Баянхонгор аймгийн хувьд таван хошуу малын 60 орчим хувийг ямаа, үлдсэн 10 хүрэхгүй хувийг бод мал эзэлдэг. Тэгэхээр цаашдаа бод малыг өсгөж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх шаардлага байгааг мэргэжилтэн, судлаа­чид онцолж байлаа. Зөвлөгөөний үеэр мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэе, үйлдвэрлэл, хоршоо, бирж, зах зээл, малчдын хүүхдийн боловсролд, тэдний амьдрах орчныг сайжруулах талаар баримтлах бодлого, малын хулгайтай тэмцэх, мэргэжилтэй малчин зэрэг сэдвээр илтгэл тавигдсан. Мал маллах арга ухаан, туршлага, зах зээлийн талаарх мэдлэг мэдээлэл, хашир туршлагатай малчдын зөвлөгөө, санал бодлыг ч энэ үеэр онцолсон юм. Зөвлөгөөний үеэр Баянхонгор аймгийн засаг дарга Д.Амарсанаатай уулзлаа.

-Энэ удаагийн семинар зөвлө­гөөнийг залуу малчдын боловсролыг дэм­жих нь гэсэн агуулган дор явуулж байна. Хамгийн гол нь залуу малчдынхаа боловсролд анхаарах, мэдлэг олгох, орчин үеийн мал маллагааны арга техникийг эзэмшүүлэх, хашир туршлагатай сайн малчдынхаа зөвлөгөөг сонсох, санал солилцох ач холбогдолтой. Манай аймгийн хувьд хөгж­лийн чухал тулгуур нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх. Үүн дотроо мал аж ахуйн салбарыг эрчимжүүлж, ашиг шим сайтай малыг өсгөх, гарч буй ашиг шимийг зах зээлд боломжит үнээр нийлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, малч­дын­хаа мал маллах арга барил, зах зээ­лийн талаарх мэд­лэгийг дээшлүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж үзэж байгаа.

-Малчдад ямар асуудал тул­гам­­­даж байна. Зөвлөгөөнд орол­ц­огчдын тавьдаг санал, гом­дол юу байдаг вэ?

-Малчдын зүгээс мэдээлэл дутмаг байгаа гэх саналыг байнга хэлдэг. Өнөөдөр малчин айл өрхийн олонх нь гэртээ зурагт үзэж, янз бү­рийн мэдээлэл авдаг ч малчдын талаар төрөөс барим­талж буй бодлогын талаар хангалттай мэдээлэл авч чадахгүй байгаа. Тиймээс УИХ-аас баталсан томоохон баримт бичгийн гол үзэл санааг малчдад ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь “Монгол мал” хө­төл­бөрийг хэрэгжүүлэхэд малчин, мал аж ахуйн мэр­гэ­жилтнүүд, орон нутгийн удирдлагууд, төр засаг юу хийхийг тодорхой болгоно гэж үзэж байгаа.

-Малчдын амжиргааны эх үүсвэр болох малаас гарч буй түүхий эдийг зах зээлд хэрхэн нийлүүлж байна вэ. Зах зээлийн үнээр худалдаж чадаж байна уу?

-Энэ асуудлыг зөвлөгөөнөөр бид тал талаас нь ярьж байна. Малын гаралтай түүхий эдээ манай малчид зах зээлд нийлүүлэхдээ боломжит үнээр нь нийлүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр ойрын хугацаанд түүхий эдийн биржийг бүх сумдад бай­гуулна. Ингэснээр малчид Улаанбаатарын үнээр газар дээрээсээ зардал чирэгдэлгүй бүтээг­дэхүүнээ худалдаалах боломжтой болно.

Г.Занданшатар гишүүн зөвлөгөөнд үг хэлэв

Баянхонгор аймагт болж буй Залуу малчдын зөвлөгөөн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв. Тэрбээр “УИХ-ын чуулганаар арванхоёрдугаар сарын 29-ныг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын бая­рын өдөр болгохоор хуулинд өөрчлөлт оруулс­ныг дуулгахад таатай байна. Энэ сайхан жил Баян­хон­гор аймгийн малчид та бүхэн зөвлөлдөж мал мал­лах орчин үеийн арга ухаан, туршлага, ашиг шим өндөр малыг өсгөх, малчдын талаар төрөөс ба­рим­талж буй бодлого зэргээр мэдээлэл, са­нал бод­лоо солилцож байгаад баяртай байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар залуу малчдын зөвлөгөөнд үе үеийн шилдэг яруу найрагчидтай очсон. Тус аймгаас төрөн гарсан Ардын уран зохиолч , төрийн шагналт яруу найрагч Т.Галсан, П.Бадарч, Д.Цоодол, “Болор цомын эзэн” яруу найрагч Ц.Бавуудорж, Д.Төрбат, Монголын зохиолчдын эвлэ­лийн хорооны дарга, Болор цомын эзэн яруу найрагч, Г.Мөнхцэцэг нарын яруу найрагчид уран бүтээлийн дээжээсээ Баянхонгорчуудад сэт­гэ­лийн мялаалга өргөсөн юм. Монголын утга зохио­лын үе үеийн төлөөлөл, сор болсон яруу най­рагч­дын бү­тээ­лийг нэгэн дор сонсох боломж олго­сон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт Хонгор нутгийн малчид талар­хаж байлаа.

С.ОТГОН

Monday, November 1, 2010

Сайн байна уу, Сэгс цагаан богд

Төсөөөл дөө, нил шаргал гуниг асгачихсан юм шиг нүдгүй их талыг зүсэн давхиад л байна гэж. Хаа нэгтээ мал бөртөлзөж, өвсний толгой салхины илбээнд халамцан найгахаас өөр нүдэнд торох зүйлгүй, эл хуль намар цагийн анир танд нэгийг бодогдуулах вий. Их богдынхоо өвөрт нарлаж буусан малчны хотонд уяатай ботго хааяа хааяахан гунигт шуранхай татах, исгэлэн цагааны үнэр сэнхийсэн гэрийн хаяанд хомтой тэмээ нулимс мэлмэрүүлэн хэвж хэвтэх, зэрэглээн дунд хэсэг мал таталсан зураг шиг жирэлзэх нь говь нутгийн амар амгалан гэлтэй. Энэ бол бидний аяны жолоо залсан хонгор нутаг. Бид гэдэг нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тойрогтоо ажиллахаар албаны хүмүүсийн хамт Баянхонгор аймгийг зорьсон нь энэ. Тэрээр энэ удаа Баянхонгорын говийн есөн сумаар явж, иргэдтэй уулзаж, орон нутгийн амьдралтай газар дээр нь танилцсан юм. Говь гэхээр захгүй шаргал элс гэж эндүүрэв. Энд өнөөх шүлгэнд мөнхөрсөн Сэгс цагаан богд, Их, Бага богд гээд хараад сүрдмээр ханагар хайрханууд бий. Их говийн элээж барахгүй нь гэмээр чилгэр хол замын үзүүрт тэрхүү хайрханууд тэнгэрийн хаяатай сүлэлдэн оршсоор л… Өвөр бэлд нь очих гэж хэчнээн хол давхисан ч үл хүрэх алсад цайвалзсаар л байх юм.

Монголчууд бүгдээрээ Богд сумынхан шиг байвал улс мөн хурдан хөгжинө дөө

Ийм бодлыг өөрийн эрхгүй төрүүлсэн сум бол Баянхонгор аймгийн Богд сум. Говийн сумдын нийтлэг гачлан бол ундны ус, цахилгаан эрчим хүч, тэгээд нийт хөдөөгийнхөнд байдаг ажилгүйдэл, бэлчээрийн хомсдол, малын түүхий эдийн үнэгүйдэл гээд тоочих зовлон олон. Гэхдээ хөдөөгийнхөн нэг үеээ бодоход болж бүтэхгүй зүйлээсээ илүү болгох бүтээх талаас нь ярьдаг болж. Жишээ нь, амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн юм, үүнийг дэмжээд өгөөч гээд төсөл бичээд үзүүлж байх жишээтэй. Эсвэл малынхаа ашиг шимийг дээшлүүлэхийн тулд шинэ үүлдэр бий болгох гэсэн юм гэх. Нэг ёсондоо төрөөс бэлэн мөнгө гуйх биш бодитой зүйлд хөрөнгө оруулалт хүсдэг болжээ. Үүний хамгийн тод жишээ нь Богд сум. 2000 гаруйхан хүнтэй засаг захиргааны жижигхэн нэгж гэхэд нийслэлд барьж байгаа 40 мянган айлын орон сууц төслөөс ч илүү үр дүнтэй ажил хэрэгжүүлж байна лээ. Тус сумынхан ирэх 11 жилийнхээ хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, түүнийгээ тохилог орчинд амьдрах зорилтоос хэрэгжүүлээд эхэлжээ. Шугамдсан юм шиг жигд хашааатай, хашаа болгон нь ижилхэн өнгөтэй. Барилгынхаа материалыг өөрсдөө бэлдээд, барьчихаж байх жишээтэй. Тухайлбал, сумандаа блокны гурав, вакум цонхны нэг үйлдвэртэй. Эдгээр үйлдвэр нь сумынхнаа барилгын материалаар хангаад зогсохгүй, цөөн гэлтгүй иргэдийг ажлын байртай болгож байгаа юм. Бас болоогүй, талх, нарийн боов, тоортоо тэд өөрсдөө үйлдвэрлэж, Богдын нэрийн бүтээгдэхүүнээр сумынхныхаа хэрэгцээг хангадаг. Малчдын гар дээрээс малын ноос, үсийг худалдаж авч, цагаан, бор, эсгий хийгээд буцаагаад малчдадаа нийлүүлдэг, эсгийний цехтэй. Ер нь сум гэлтгүй дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангаж болохын жишээг тэд харуулж байна. Хамгийн гол нь Богдынхонд сумаа гэсэн сэтгэл байна аа. Хот орон газар руу нүүсэн иргэд нь хүртэл сумаа хөгжүүлэхийн тулд буцаж нүүж ирсэн байх юм. “Манай сум Улаанбаатар л гэсэн үг” хэмээн бахархан ярих нь нутагтаа үнэхээр сэтгэл хангалуун хүмүүсийн үг гэлтэй. Үнэндээ нийслэлээс өнгө үзэмжээрээ илүү гарах уу гэхээс дутах юм алга. Харин ч нийслэлийнхэнд тэднээс суралцах зүйл их байна. Нийслэлийнхэн ч гэлтгүй, нийт монголчууд амьдарч байгаа газартаа сэтгэлтэй байхыг Богдынхноос суралцаасай. Давтан хэлэхэд, сэтгэл байвал хаана ч амьдрал байна.

Бусад суманд үлгэр дуурайлал болгох үүднээс тус сумын хүнс,хөдөө аж ахуй хариуцсан түшмэл Л.Ганзоригтой цөөн хором ярилцлаа.

-Танайх газрын баялагтаа гар хүрдэггүй онцлогтой сум гэсэн байх аа. Зөвхөн давсны нэг ордыг л ашиглаж байгаа гэж сонссон?

-Энэ бол манай сумын онцлог. Олборлолт явуулдаг зарим сумынхныг хараад байхад жил дараалан ган, зуд болж байна. Жишээ нь, Баянговь, Шинэжинстийн 30-аад айл энэ жил манай суманд өвөлжих гээд асуудал болж байна. Ер нь байгальтай хамаагүй харьцвал хариугаа авдаг юм болов уу гэж боддог шүү дээ. Манай суманд газар гайгүй гарч, иргэдийн амжиргаа дээшилж, сум хөгжиж байгаа нь газар нутагтайгаа зөв харьцсаны буян юм болов уу.

-Нөгөө талаараа газрын баялагаа ашиглаж байгаа сумын иргэд нэлээд бийлэгжүү болсон нь харагдаж байсан. Танай сум газрын баялагаас өөр юунаас хөрөнгө оруулалт хийх бодолтой байна вэ?

- Манайд байгалын үзэсгэлэнт газрууд олон бий. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Манай сум говь, хангай, хээр хосолсон нутагтай. Түүх соёлын дурсгалт газар ч олон. Жишээ нь мөнх цас, мөсөн голтой, далайн төвшнөөс дээш 3757 метр өндөр, Говь- алтайн нурууны ноён оргил болох Их Богд уул манай суманд бий. Энэ ууланд түүхийн дурсгалт олон газар бий. 2003 онд Итали улсын Венето мужтай холбоо тогтоож, археологи, палентлогийн судалгааг хийж эхэлсэн. Одоогоор Пунцагийн овоо, Мянган цэргийн булшийг судалж байна. Эндээс олдсон түүхийн дурсгалт зүйлсээр музей байгуулж, жуулчдад үзүүлэх нэг үзвэр болгох зорилготой ажиллаж байна.

-Танайх сумандаа их зүйл хийжээ. Хөрөнгийг нь хаанаас гаргасан бэ. Сумын төсөв бол шалихгүй л мөнгө ирдэг биз дээ?

-Суманд тулгарч байгаа гол асуудал бол хөрөнгө мөнгө. Энэ бүхнийг санхүүжүүлж байгаа гол зүйл бол гадаадын төсөл хөтөлбөр. Жишээ нь манай сум газар тариалангийн хувьд туршлага багатай газар. Гэхдээ гадаадын төслийн дэмжлэгтэйгээр иргэд хэрэгцээнийхээ ургацыг тарьдаг болж, өрхийн зоорьтой болсон 50 орчим айл байна. Мөн саяхнаас хүлэмжийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Түүнээс гадна орон нутгийн удирдлагад захиран зарцуулах эрхийг нь өгчихвөл хэрэгтэй байгаа юм. Уг нь үндсэн хуульд орон нутагт эрх мэдлийг нь олгоно гэсэн байдаг. Гэхдээ амьдрал дээр сумын төсвөөсөө бусад мөнгийг зарцуулах эрх мэдэл байдаггүй.

Баацагааныхан чихэр өвсөө эдийн засгийн эргэлтэд оруулчихвал баян сум

Чихэр өвс гэж тал талын ашигтай нэг ургамал байна аа. Энэ ургамал Баацагаан сумын нутагт их ургадаг аж. Нэгдүгээрт энэ өвс хүний эрүүл мэндэд тустай олон төрлийн бодис агуулдаг учраас эскпортын чухал бүтээгдэхүүн болдог гэж байгаа. Ер нь экспортлоод ч эхэлчихэж. Хоёрдугаарт, цөлжилт, хуурайшилтад хамгийн тэсвэртэй ургамал. Учир нь газарт 50 метрийн гүнд үндэс нь ургадаг гэсэн. Нэг ёсондоо чихэр өвсийг ургуулснаар цөлжилтөөс сэргийлэнгээ өвсийг нь малдаа өгч, үндсийг нь экспортлоод байна гэсэн үг. Ганц гэм нь Баацагаанынхан чихэр өвснийхөө үнэ цэнийг мэддэггүй, мэддэг хэсэг нь буруу аргаар тасдаж, хувьдаа мөнгө болгодог гэнэ. Уг нь аймгийн хэмжээнд бодлогоор дэмжээд, хянаад өгвөл орон нутагт алтнаас дутуугүй ашигтай эд юм билээ. Дээр хэлсэнчлэн нутгийн нэг бизнесмен чихэр өвсийг экспортолж эхэлсэн ч, нутгийн иргэд тасдаж, сүйтгэдгээс болж үйл ажиллагаа нь тасалдсан байна. Баянхонгор аймаг сүм бүртээ “Нэг сум- нэг бүтээглдэхүүн” гэсэн уриатай ажиллаж байгаа юм билээ. Энэ нь нэг сум нэг брэнд бүтээгдэхүүнтэй болно гэсэн үг. Тиймээс Шинэжинст сум ноолуурын чиглэлийн цагаан ямаагаа брэнд болгосон шиг Баацагаан суманд чихэр өвсөө брэнд болгох боломж байна.

Баянхонгорын хэмжээнд цахилгаанд холбогдоогүй 11 сум байдаг аж. Баянцагаан, Бөмбөгөр, Баян-Өндөр гэсэн гурван сумыг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэж төрөөс баахан мөнгө “цохьсон” “Баян констракшн” гэж компани тэнд ёстой нэг балаг болж байна аа. Дээрх сумдад хэдэн сэнс зоосноос өөрөөр юу ч хийсэнгүй. Юун нөгөө гэрэл цахилгаан. Нутгийн удирдлага энэ сарын 15-ний дотор салхин сэнсээ ажиллагаанд оруулахгүй бол шүүхэд өгнө гэдгээ хэлсэн. Тиймээс дээрх гурван суманд хагас жил хэрэглэх соляркны 60 сая төгрөгийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар шийдэж өгсөн. Ер нь тэрээр явсан сумдадаа тулгарсан асуудлыг газар дээр нь шийдэж байсныг онцлох хэрэгтэй. Ялангуяа ХХААХҮ-ийн сайд Г.Бадамжунай хамт явсан учраас хөдөө аж ахуйтай холбоотой нэлээд олон асуудлыг шийдсэн. Тэр дундаа төсөвт заасан орон нутагт барих худгийн хэмжээнээс илүү худаг сумдадаа бариулах амлалт аваад амжсан. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн нарийн бичгийн дарга Баярмагнай, төслөө дэмжүүлэх хүсэлт гаргасан олонхи иргэдэд зээлийг нь газар дээр нь шийдэж өгч байсан.

Хонгор нутгийн өөдрөг өнгө

Баянхонгор үнэхээр баян нутаг юмаа. Түүнийгээ бэлгэдэж нэрлэсэн хэчнээн ч олон баян нэртэй сумтай юм. Баянцагаан, Баян-Өндөр, Баянговь, Баянлиг гээд л. Явсан сумдын багагүй хэсэг нь тусгай хамгаалалттад байдаг юм билээ. Жишээ нь, аймагтаа хамгийн том газар нутагтайд тооцогддог Баян-Өндөр сумын 66.6 хувь нь их говийн тусгай хамгаалалттай газарт багтдаг юм билээ. Хонгор нутаг уул уурхайн баялагаас гадна барилгын материалын түүхий эд зүгээр л замын хажууд харагдана. Нутгийн иргэд ч газрын баялагийнхаа үр шимээр чамгүй хөлжсөн харагдсан. Дэгсдүүлж хэлэхэд зарим сумдад зөрсөн хүн болгон бүсэндээ металь хайгч хавчуулсан байна лээ. Ингэж хүн бүр дуртай газраасаа алт ухаад эхлэхээр байгаль орчны асуудал сөхөгдөлгүй яахав. Тиймээс аймгийн удирдлагаас металь хайгч хэрэглэхийг хориглохоор болжээ. Гадаад харилцааны сайдыг дагалдсан албаны бүрэлдэхүүнд “Энерги ресурс”, “Монлаа” компанийн захирлууд багтсан бөгөөд Баянхонгорт болсон нээлттэй хаалганы өдрөөр уул уурхайн чиглэлээр ажиллах хүчний бүртгэл явуулсан нь хөдөөгийнхөнд хамгийн нүдээ олсон ажил байлаа. “Монлаа” компанид л гэхэд шинээр олборлолт явуулах гэж байгаа газарт 200 гаруй ажлын байр гарч байгаа юм билээ. Эндээс нэг зүйл анзаарагдсан. Үндэсний хөрөнгө оруулалттай, хөл дээрээ нэгэнт тогтсон, уул уурхайн болоод бусад чиглэлийн томоохон компаниуд манайд нэлээд бий болжээ. Тэд нэг үе бизнесээ өргөжүүлэхийн төлөө явдаг байсан бол өдгөө улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн хүсэлтэй болсон нь эндээс анзаарагдсан. Чухамдаа үүнийг л Хонгор нутгийн өөдрөг өнгө гэж нэрлээд байгаа юм. Өнөөх монгол тэмүүлэл, үндэсний хөрөнгө оруулагчид үндэстнээ хөгжүүлнэ гэж манай сониноос уриа болгодог зүйл чинь энэ шүү дээ. “Энержи ресурс” бол өдгөө нэгэнт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том компани болчихлоо. “Бусад үндэсний компаниуд түүн шиг болохын төлөө хичээх хэрэгтэй. Манай компанийн хувьд ганц өрсөлдөгч маань “Энержи ресурс” гэж “Монлаа” компанийн захирал Х.Энхсайхан хэлж байсан. Ийм өөдрөг бөгөөд үндсэрхэг зорилготой байвал уул уурхайд үндэсний хөрөнгө оруулагчид дорхноо хөл дээрээ босч болмоор санагдсан. Ер нь Хонгор нутгаас төрсөн бизнесийнхны нутгаа, улсаа гэх сэтгэлээс их гоё өег мэдрэмж авсан шүү. Цаашид шинээр нээх орд газруудадаа гадныхныг эзэн суулгачихалгүй, өөрсдөө эзэмшдэг жишиг тогтчихвол мөн сайхан аа.

Говь нутаг өглөө оройдоо уул, толгодод тордоггүй чихүүн салхиараа тас шилбүүрдэх мөртлөө өдөрт нь зуны нарнаас дутахааргүй нозоором халуунаар шарах. Яг тийм нар ээсэн өдөр хөлгийн жолоог хотын зүг эргүүллээ.

“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Д.Пүрэвсүрэн

Wednesday, October 13, 2010

Баянхонгорыг жижиг дунд үйлдвэрлэлийн загвар аймаг болгоно

Улсын Их хурлын гишүүн Г.Занданшатар сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийнхаа хангайн сумдаар ажиллаад ирлээ. Тэрбээр хангайн арван сумын иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулж, Хамтарсан Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд, Улсын Их хурлаас гаргасан хууль тогтоомжийн талаар болон иргэд сонгогчдын сонирхсон асуултуудад хариулт өгсон юм. Түүний ажлын багт Ерөнхий сайдын Хөдөө аж ахуйн бодлогын зөвлөхөөр томилогдоод удаагүй байгаа Л.Элдэв-Очир, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Батжаргал, Монгол туургатны “Урамтай шатар” холбооны гүйцэтгэх захирал Н.Төвшинтөгс нар багтсан юм.

Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатар Гадаад харилцааны сайд болсноосоо хойш сумдын иргэд, хөдөлмөрчидтэй ууозаагүй байсан. Тиймээс анхны уулзалт Бууцагаан сумаас эхэлсэн. Бууцагаан суман дээр энэ үеэр Хангайн арван сумын Засаг дарга нарын туршлага солилцох уулзалт болж байсан юм. Засаг дарга нар өнгөрсөн жил өөрсдийн авч хэрэгжүүлсэн онцлог, санаа авууштай ажлуудаа бусдадаа танилцуулж, тухайн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, бие биенээсээ туршлага судалдаг, авч хэрэгжүүлдэг болоод уджээ.

Энэ үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаатай ярилцахад туршлага солилцох ийм уулзалт их үр дүнтэй болдгийг дурдаад, Жаргалант суманд мөн арван сумын төрийн ажилтнууд үзүүлэх сургалт хийж байгааг онцолсон юм. Баянхонгор аймгийн хувьд налгар сайхан намар болж байгаа ч ган болсон гурван суманд өвөлжилт хүндэрч магадгүй байгааг хэлж байсан юм.

Баянхонгор аймгийн хангайн сумдад налгар тайван намар болж байна. Энэ өвөл цаг агаар хатуухан болох цаг агаарын урьдчилсан мэдээ байгааг Аймгийн Засаг дарга сануулж байлаа. Өнгөрсөн жилийн зудын сургамжаас малчид сургамж авч өвс, хадлан тэжээлээ хангалттай сайн базааж байгааг УИХ-ын гишүүн Г.Занданшатар өөрийн биеэр танилцаж явлаа.

Г.Занданшатар иргэдтэй хийсэн уулзалтаар УИХ-аар батлагдсан хуулиудын талаар болон өөрийн болон бусад гишүүдтэй хамтарч өргөн барьж батлуулсан таван хуулийн тухай мэдээлэл өглөө. Мөн Хамтарсан Засгийн газар олон жил хойшилсон Оюутолгойн гэрээг баталж, ажилд оруулсан, 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Таван толгойн уурхай эргэлтэд оруулах ажил үндсэндээ хангагдсан талаар ярилаа. Стратегийн эдгээр ордууд эдийн засгийн эргэлтэнд орсноор ирэх таван жилд иргэдийн амь амжиргаа эрс өөрчлөгдөж, хөгжил дэвшил гарч, Монголчуудын хувьд сайхан ирээдүй хүлээж байгааг баримт жишээгээр ярьсан. Биднийг өөдрөг ирээдүй хүлээж байгааг ч иргэд асуусан асуулт, саналаараа илэрхийлж байсан.

Оюутолгойн ордод 3300 монгол ажилчин ажиллана. 1000 ажилтны бүртгэл хэдийнэ хийгдсэн. Үлдсэн 2300 ажилтныг аймгийн нийт тоонд хуваахад Баянхонгор аймагт 98 хүн Оюутолгойд ажиллах нь тодорхой болжээ. Эдгээр залуусыг 10 сарын 1 гэхэд сургалтанд хамруулах хуваарь гараад байгааг дуулгалаа.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар Монгол туургатны “Урамтай шатар” холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Энэ холбоо Баянхонгор аймагт “ИХ мастер” төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа. Баянхонгор аймгийн сум бүрт Монгол туургатны “Урамтай шатар” холбооны салбарыг сургуулиудад байгуулж, 15 шатар, ханын сургалтын шатар, цаг, сурах бичиг гардууллаа. Сумдын клубын шатрын багшийг удахгүй сургалтанд хамруулж, анги танхимыг нь тохижуулж өгснөөр тус аймгаас дэлхийн тавцанд оюунаараа өрсөлдөх Их мастер төрнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байсан. Ирэх жил аймгийн 80 жилийн ой болно. Энэ ойн баяраар Баянхонгорчууд бөх, морь, сур, шагайн харваанаас гадна шатрын спортоор оюунаа уралдуулж, эрийн таван наадам хийхээр болоод байгаа юм байна.

Монгол арга ухаан академийн Ерөнхийлөгч, Говь хангайн бүсийн эрдэм шинжилгээний төвийн захирал, биологийн ухааны доктор, профессор, академич Я.Дашжамц гуай Хүрээмарал сумын дунд сургууль дээр байрлан Хүрээмарал сумаар жишиг болгон Баянхонгор аймгийн эко өөрчлөлтийн талаар судалгаа явуулж байгаагаа УИХ-ын гишүүн Г.Занданшатарт танилцууллаа. Хөрсний ус доошилсон, хүний буруутай үйл ажиллагаанаас болоод шим тэжээл сайтай эмийн олон төрлийн ургамал байгальд ургахаа больсноос эрт цагийн хоёр хуруу зузаан өрөм, хоёр хонины зайнд нэг хонь хэвтэх зэрэг тос даасан чанар улам багассаар байгаа аж. Хэрэв ямар нэгэн байдлаар арга хэмжээ авахгүй бол 100 жилийн дараа Баянхонгор аймаг бүрэн цөлжинө гэдгийг академич Я.Дашжамц гуай өөрийн аймгаар төлөөлүүлэн анхааруулахыг хүссэн юм.

Иргэд Хүний хөгжлийн мөнгийг хэрхэн олгож байгаа, бэлчээр, усны хомсдол, малыг эрүүлжүүлэх, экспортонд гаргах бололцоо, жижиг дунд бизнесийн зээлийн явц, хувиараа ашигт малтмал олборлогчдын эрх зүйн зохицуулалт, сонгуулийн систем, тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг асуудлуудын талаар голчлон асууж, хариулт авч байлаа. Засгийн газрын тогтоолоор бүх сумдад мал үржүүлгийн төвтэй болж байгааг иргэд сайшаан хүлээж авч байсан.

Г.Занданшатар энэ уулзалтаараа Баянхонгор аймгийг Жижиг дунд үйлдвэрлэлийн загвар аймаг болгох зорилго тавигдсан бөгөөд ажлууд эхнээсээ хийгдэж эхэлснийг баяртайгаар дуулгасан. Тойргоор явахын өмнөхөн “Жаст” групптэй махны үйлдвэр барих гэрээг байгуулж, хөрөнгө оруулалтыг нь шийдсэнээ хэлсэн. Махны үйлдвэрийн газрыг Аймгийн ЗДТГ гаргаж өгсөн байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн загвар аймаг болгох төслийг төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх юм байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Баянхонгор аймагт Жижиг дунд үйлдвэрлэлийн хороолол босч, мах, цемент, эсгий, гар урлалын үйлдвэрлэлүүд бий болж, иргэдийн амьдрал ахуй дээшилж, ажилгүйдэл буурах юм.

Сумдаар явж байхад сумдын цахилгааныг Эрдэс баялаг эрчим хүчний яамны албаны хүмүүс хүлээж авч байхтай таарсан. Гурванбулаг сумын эмнэлгийн байдалтай танилцах үеэр хүү төрсөн нь ихээхэн билэгшээлтэй зүйл болсон. Гишүүн очсон сум бүрийн Тамгын газар, эмнэлэг, сургуулиудад иж бүрэн компьютер бэлэглэсэн зэрэг олон олон үйл явдал энэ уулзалтын үеэр давхцаж байлаа.

Улс орны хөгжлийн хүрд эргэж эхэлжээ. Иргэд ч үүнийг мэдэрсэн байна. Энэ хөгжлийн хурд Баянхонгорыг жишиг аймаг болох хугацааг улам наашлуулах биз ээ.

Д.Төв

Tuesday, January 5, 2010

Тойрогт хийсэн ажлууд /2004-2009/

2004-2009 онуудад тойрогтоо хийгдсэн ажлуудаас товчхон дурьдвал:

1. 2005 онд Арвайхээр-Баянхонгорын 110 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг гүйцэтгэн ашиглалтанд оруулснаар Баянхонгор сум, Өлзийт, Баян-Овоо сум, Эрдэнэцогт сум, Шаргалжуут тосгон төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон. Аймгийн төв төвийн төвлөрсөн эрчим хүчинд холбогдсноор бүх сумд эрчим хүчинд холбогдох боломж бүрдсэн. 2007-2009 онд Хүрээмарал, Баянбулаг сумаас бусад сумд эрчим хүчинд холбогдсон. Энэхүү Баянбулаг, Хүрээмарал ЦДАШ-ын хөрөнгийн асуудлыг 2010 оны улсын төсөвт тусгагдсан.
3. 2005 онд Арвайхээрээс-Баянхонгорын чиглэлд сайжруулсан хайрган хучилттай зам тавих 8 тэрбум төгрөгийн хөрөнгийг Дэлхийн банкны санхүүжилтээр шийдвэрлэсэн.
4. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлсэн.
5. Аймгийн төвийн цахилгааны нам хүчдлийн шугамыг иж бүрэн шинэчилж сумдын дотоод 04-ын цахилгаан дамжуулах шугмыг шинэчлэх хөрөнгийг Улсын төсөв болон дэлхийн банкны хөрөнгөөр шийдвэрлэсэн. Мөн 2010 онд үлдсэн Өлзийт, Хүрээмарал, Баянбулаг сумдын 04 ЦДАШ-ыг шинэчлэх, аймгийн төвийн дэд станцад шинээр трансформатор нэмж тавих хөрөнгийг шийдвэрлээд байна.
6. Харилцаа холбооны чиглэлээр орчин үеийн техник нэвтэрч бүх сумд үүрэн телефонд холбогдох боломж бүрдүүлж, өндөр хурдны шилэн кабельд холбогдлоо.
7. Аймгийн төвд Прокурорын газрын барилга, Шүүхийн барилга, ХХААГ-ын барилгыг хөрөнгийг шийдвэрлэн ашиглалтанд орсон.
8. Олон сувгийн телевизийг хүлээн авч дахин дамжуулах станцыг аймгийн төв сумдад суурилуулан дөрвөн сувгийн телевиз үзэх боломж бүрдүүлсэн.
9. Баянхонгор аймгийн төвд 640 хүүхдийн суудалтай 4 дүгээр арван жилийн дунд сургуулийн барилга шинээр барих хөрөнгийг шийдвэрлэн ашиглалтанд ороод үйл ажиллагаагаа явуулж байна.
10. Хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, соён гэгээрүүлэх “Хүүхэд, Залуучуудын хөгжлийн төв”-ийг барих хөрөнгийг шийдвэрлэн ашиглалтанд оруулаад байна.
11. Аймгийн төвд 140 ортой цэцэрлэгийн барилгыг эхлүүлээд байна.
12. Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн өргөтгөл хийж ашиглалтанд орууллаа.
13. Ядуурлыг бууруулах ажлын байр нэмэгдүүлэх үүднээс ОУ-ын байгууллагатай хамтран малжуулах төслийг хэрэгжүүлж 400 өрхийг малжуулсан.
14. “Өрхийн тариалан” төсөл хэрэгжүүлэн газар тариалан эрхлэлтийн сургалтыг зохион байгуулан газар тариалан эрхлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэн 3000 гаруй өрхийг ажлын байраар хангах зэрэг ажлыг зохион байгууллаа.
15. Солонгос улсад 350 гаруй залуусыг гэрээгээр явж ажиллах ажлыг зохион байгуулсан.
16. 2004 оноос “Гэр хөтөлбөр” хэрэгжүүлж орон гэргүй 300 өрхөд гэр олгосон. Мөн ОУ-ын байгууллагуудтай хамтран 85 гэр, Байгалийн гамшгийн улмаас гэр орноо алдсан 5 өрхөд гэр олгоод байна. Нийт 490 өрхийг гэртэй болгоод байна.
17. Тойргийнхоо сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 80 оюутны сургалтын төлбөрийг шийдвэрлэж, Мөн жил бүр оюутнуудыг төрийн сангийн буцалтгүй тусламж, зээлд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
18. Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал, төрөх эмэгтэйчүүдийн тасгийн их засварын хөрөнгийг шийдвэрлэн засварлууллаа
19. 2006 онд Нэгдсэн эмнэлгийн дотор мэдрэл, амбулаторын барилгын засварын 580.0 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн иж бүрэн их засварын хийлгүүллээ.
20. Аймгийн нэгдсэн эмнэлгийн орчин үеийн оношлогоо, эмчилгээний багаж төхөөрөмжөөр хангасан. Мөн эхийн бууруулах зорилгоор иж бүрэн тонгоглогдсон түргэний машин, зарим сумдын түргэний машинуудыг шинэчилсэн.
21. Аймгийн төвд шинээр 50 ортой эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлээд байна.
22. Аймгийн төвд 1.5 км асфальтан зам, явган хүний зам, гудамжны гэрэлтүүлэг, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, зургаан иж бүрдэл тоглоомын талбай, спортын талбай, ахмадын настны нарлах сүүдрэвчийг байгуулах ажлуудыг хийсэн.
23. Аймгийн төвийн ЕБ-ын 3 сургуулийн их засвар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн их засвар, тоног төхөөрөмжийн шинэчилсэн.
24. Аймгийн төвд интернет төв байгуулсан.
25. Аймгийн төвийн Хөгжим Драмын театрын их засвар, сандлыг шинэчлэх хөрөнгийг болон спорт заалны их засварын хөрөнгийг шийдвэрлээд байна.
26. Галуут суманд 320 суудал, сургуулийн барилга шинээр барих, спортын заалны шинэчлэлд 526.6 сая төгрөг тусган шинээр эхлүүллээ
27. Өлзийт суманд соёлын төв, спорт залны барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулж, дотуур байрны их засвар хөрөнгө асуудал, гэр цэцэрлэг байгуулан цэцэрлэгийн тоглоом, Дэлхийн банкны төслөөр дунд сургуулийн дотуур байрны гал тогоо, хүүхэд хөгжлийн төвийг тохижуулах болон тоног төхөөрөмжөөр хангаж “Ямаха” маркийн хөгжим аппаратур олгон, багын засаг дарга нарыг унаажуулах, асуудлыг шийдвэрлэсэн.
28. Баян-Овоо сумын соёлын төвийн барилга, Хоолтын услалтын системийг сэргээн засварлан, багын засаг дарга нарыг унаажуулсан
29. Баянхонгор сум, Өлзийт, Шаргалжуут тосгоны ЗДТГ-ын их засвар хийсэн.
30. Шаргалжуут тосгонд спорт зал-соёлын төв цогцолборыг шинээр бариулан, багийн төвийн их засвар, 8-н жилийн сургуулийн хичээлийн байр, дотуур байрны их засвар, цэцэрлэгийн барилгын засвар, халаалтын системийг шинэчлэн, багийн засаг даргыг унаажуулан, Дэлхийн банкны төслөөр дунд сургуулийн дотуур байрны ариун цэврийн өрөөг засварлах, гал тогоо, соёл мэдээллийн төвийг тохижуулах болон тоног төхөөрөмжөөр хангалаа.
Шаргалжуут тосгоноос Өлзийт сумын чиглэлд 30 км сайжруулсан шороон зам тавьсан.
31. Жил бүр уламжилал болгон сар шинийн баяраар 1200 өндөр настанд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулдаг болсон.
32. Хоногт 3-4 л сүү өгдөг арвин ашигт шимт Кубын “Тоггенбург” гүн хөлдөөсөн үрийг цөм сүрэг бүрдүүлэх, Галшир удмын адууг нутгийн адуутай цус сэлбэх ажлыг зохион байгуулж байна.
33. Газар тариалангийн иж бүрдэл бага оврын тракторыг хөнгөлттэй үнээр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
34. Баянхонгор аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Баацагаан сумын сургуулийн дотуур байранд хүүхдийн сүүний газар, сургуулийн дотуур байрны гал тогооны газар ашиглах зориулалтын хоногт 50-100 л сүү боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжийг олгов.
35. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор болзолт уралдааныг зохион байгуулж Honda маркийн мотоциклоор шагнав.
36. Гар аргаар алт олборлож байгаа иргэдийн нийгмийн хангамжийг сайжруулах зорилгоор Швейцөрын хөгжлийн агентлаг хүсэлт тавьж “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлж байна. Мөн ”Канад- Монгол” сантай хамтран гар аргаар алт олборлож буй иргэдийн хүүхдүүдэд албан бус сургалт, Олон улсын хөдөлмөрийн байгууллагад хүсэлт тавьж “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдтэй устгахад чиглэгдсэн орон нутгийн нэгдмэл үйл ажиллагаа”-ны төслийг хэрэгжүүлж байна.
37.2009 оны 10-р сард Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран “Бичил уурхай ба хөдөөгийн хөгжил” үндэсний зөвлөгөөнийг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа.
38. Гурванбулаг сумын 10 ортой эмнэлгийн барилгыг барьсан.
39. Баянхонгор сумын сүрьеэгийн эмнэлгийн барилгын засварт 30 сая төгрөг тусган засварлалаа.
40. Галуут сумын эмнэлгийн барилгын засварын хөрөнгийг шийдвэрлэсэн.
41. Баян-Өндөр сумын соёлын төвийн барилгын хөрөнгийг улсын төсөвт тусгасан.
42. Баянбулаг сумын шинэ соёлын төвийн барилгад 84.0 сая төгрөг тусгуулан ашиглалтанд оруулж 5.0 сая төг-ийн иж бүрэн хөгжим аппаратур олголоо.
43. ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор Нэг баг-нэг шилдэг бүтээгдэхүүн төслийг хэрэгжүүлэн сум бүрт жижиг үйлдвэр байгуулсан.
44.Заг-Гурванбулагийн хоорондын 10 кВт-ын ЦДАШ-ын засвар, Гурванбулаг сумын дотоод 0.4 кВт ЦДАШ-ыг шинэчлэхэд 85.0 сая төгрөгийн асуудлыг шийдсэн.
45. Аймгийн хэмжээний 2009-2010 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн орж байгаа 6 настай бүх /1600 /хүүхдүүдэд хичээлийн иж бүрдэл хэрэгсэл, цүнх олгосон. Мөн эмзэг бүлгийн 400 гаруй сурагчдад хичээлийн хэрэгсэл, Аймгийн хэмжээний сургуулиудад сагсан болон волейболын бөмбөг гардуулсан.
46.Залуу хойч үеийг биеийн тамир, спортоор хичээллүүлэн эрүүл чийрэг өсгөх үүднээс хөл бөмбөгийн задгай талбай байгуулахад 100.0 сая төгрөг, Аймгийн хэмжээний ЕБ-ын бүх сургуулиудад бөхийн дэвжээ олгоод байна.
47. Хуучин хогын цэгийг дарж, хогын цэг шинээр барьж байгуулах хөрөнгийг шийдвэрлэсэн.
48. Ламын гэгээн Лусанданзанжанцаныг алдаршуулах үндэсний соёлын төв барьж байгуулахад 150.0 сая төгрөгийг шийдвэрлэсэн.
49. 2009 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ЖДҮДСангаас 800.0 сая төгрөг хувиарлуулсан.
50. Баянхонгор аймгийн төвд, Баянлиг суманд сүүний үйлдвэр байгуулах асуудлыг шийдвэрлэсэн
Аймгийн Номундалай ахлах сургууль, Шинэжинст, Баацагаан, Жинст, Баянбулаг сумдын соёлын төвд үндэсний хөгжим, иж бүрдэл аппаратур олгууллаа.