Sunday, January 15, 2012

Шатахууны хомсдолд Хятадын Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ


2012 оны 1-р сарын 12

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн урилгаар БНХАУ-д энэ сарын 11-15-ны хооронд албан ёсны айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн ирэв.

Мөн өдрөө БНХАУ-ын Худалдааны яамны сайд Чэнь Дэминтэй уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хоёр талын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд гарч, өнөөдөр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс хоорондын харилцааны хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа билээ. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн гол тулгуур болоод байна. Хоёр улсын худалдааны нийт хэмжээ өнгөрсөн онд хоёр дахин өсөж, 6.3 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь үүний нотолгоо юм.

Мөн 2011 оны 6 дугаар сард болсон Монгол-Хятадын ЗГХК-ын ээлжит хуралдаан амжилттай хуралдсаныг дурдаад, түүний шийдвэрийн хэрэгжилтийг сайн хангах үүднээс Комиссын ээлжит хуралдааны хооронд ажлын хэсгийн уулзалтыг тогтмол хийх нь зүйтэй гэж үзэж буйгаа хоёр тал илэрхийлэв.

Сайд Г.Занданшатар уулзалтын үеэр Монгол Улс автобензин, дизелийн түлш, бусад шатах тослох материалиар дутагдах, хомсдолд орох нөхцөлд Хятадын Засгийн газраас бүх талын дэмжлэг туслалцаа яаралтай үзүүлэхийг санал болгов.

Түүнчлэн газрын тос, эрчим хүчний салбарын харилцааг өргөтгөх, Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барихад дэмжлэг үзүүлэх, Оюутолгойн цахилгаан эрчим хүчийг Өвөрмонголоос авах, Баяннуур аймгийн удирдлагаас Монголоос орж ирж буй нүүрсний татварыг өндөр тогтоосныг харж үзэх, ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол улсаар дамжуулах зэрэг олон чухал асуудлыг хүсэлт болголоо. БНХАУ-ын Худалдааны яамны сайд Чэнь Дэмин уг асуудлуудыг нааштайгаар шийдэхэд өөрийн болон яамны зүгээс бүх боломжоо дайчлан ажиллана гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, БНХАУ-ын Худалдааны яамны сайд Чэнь Дэминийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мөн өдөр Бээжин дэх ЭСЯ-нд очиж монгол оюутан залуус, ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзлаа гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Monday, January 9, 2012

ГХ-ны сайд Г.Занданшатар БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн урилгаар БНХАУ-д 2012 оны 1 сарын 11-15-ны хооронд албан ёсны айлчлал хийнэ.

Энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, ХКН-ын УТТ-ны Байнгын хорооны гишүүн Жоу Юнкан, Гадаад хэргийн сайд Ян Жэчи, Худалдааны яамны сайд Чэнь Дэмин, Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцян нартай албан ёсны уулзалт, яриа хэлэлцээ хийнэ.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр талын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд гарган хөгжүүлэхээр тохиролцсон. Өнөөдөр Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс хоорондын харилцааны хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа билээ. Иймээс энэ удаагийн Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал энэхүү харилцааг цаашид хөгжүүлэх, гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм.