Tuesday, April 12, 2011

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ӨНДӨР ТҮВШНИЙ БОДЛОГЫН УУЛЗАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ








Ази, Номхон далайн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний бодлогын уулзалт өнөөдөр үйл ажиллагаагаа эхэллээ. Нэгдсэн хуралдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга зэрэг албаны хүмүүс болон Ази, Номхон далайн бүсийн далайд гарцгүй 12 орон, хандивлагч болон түнш орнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл зэрэг 100 орчим төлөөлөгч оролцож байна.


Мөн манай улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ноэлин Хэйзер нэгдсэн хуралдааны нээлтэд оролцож, үг хэллээ.

Ерөнхий сайд С.Батболд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс хөгжлийнхөө шинэ үе шатны гараанд ирээд байна. Уул уурхайг дагасан зам тээвэр, хот байгуулалт, эрчим хүч зэрэг дэд бүтцийн далайцтай бүтээн байгуулалт хийх шаардлага тулгараад байна. Урьд өмнө дэд бүтцийн ийм олон салбарыг нэг дор хамарсан бүтээн байгуулалт манай оронд өрнөж байсангүй. Иймээс бидэнд туршлага, хөрөнгө санхүүжилт дутах нь ойлгомжтой. Хувийн хэвшил, төрийн оролцооны түншлэлийн үр ашгийг дээд хэмжээнд хүргэхэд бидэнд НҮБ, түүний дотор Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын тусламж зөвлөгөө чухал юм ” гэдгийн онцлон тэмдэглээд транзит орнууд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад далайн боомтоо хөнгөлөлттэй ашиглуулах талаар харилцан адилгүй бодлого баримталдаг бөгөөд транзит орнууд өөрсдийн далайн боомтуудыг өргөтгөн хөгжүүлэх талаар анхаарал тавина гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Monday, April 11, 2011

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХАТАГТАЙ НОЭЛИН ХЭЙЗЕР АЙЛЧИЛНА






Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ноэлин Хэйзер 4 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарт бараалхах ба Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Хатагтай Ноэлин Хэйзер 4 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Ази, Номхон далайн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний бодлогын уулзалтын нээлтэд оролцож, нэгдсэн хуралдааныг удирдахаар төлөвлөж байна.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ, АНДЭЗНК-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЭЛИН ХЭЙЗЕРИЙН ТОВЧ НАМТАР


Хатагтай Ноэлин Хэйзер НҮБ-ын Нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар 2007 оны 8 дугаар сараас томилогдон ажиллаж буй.

Ноэлин Хэйзер энэхүү албан тушаалд томилогдон ажиллахдаа Ази, Номхон далайн тогтвортой хөгжлийг хангах үүднээс эл бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах талаар стратегийн зөв дүн шинжилгээ, бодлогын ухаалаг сонголт хийхэд нь гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэхэд онцгойлон анхаарч иржээ. Монгол Улсын хувьд ч гэсэн түүний шууд дэмжлэг, идэвхтэй оролцоотойгоор манай улсад худалдааны бодлогыг нотолгоонд суурилан боловсруулах, Улаанбаатар хотноо Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулахад техникийн туслалцаа үзүүлэх, ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх, чингэхдээ энэ салбараас олж буй ашиг орлогыг хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зүй зохистой ашиглах талаарх бодлогыг тодорхойлоход туслах зорилгоор ажлын хэсгийг 2008 онд манайд ирүүлж ажиллуулах зэрэг тоймтой олон ажлыг амжуулсан юм.

Н.Хэйзер 1994 оны 10 дугаар сараас 2007 оны 9 дүгээр сар хүртэл НҮБ-ын НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн санг тэргүүлж байх хугацаандаа 100 гаруй оронд эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, эрхийг дэмжих талаар хууль тогтоомж, бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд нь тусламж үзүүлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газартай хамтран Монголын эмэгтэйчүүдийг 21 дүгээр зуунд эдийн засаг, улс төрийн хувьд чадваржуулах тухай санамж бичгийг байгуулж ажиллав.

Тэрээр Сингапурын их сургуулийн шинжлэх ухааны магистр, Их Британийн Кембриджийн их сургуулийн нийгмийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Н.Хейзэр Сингапурын 2008 оны шилдэг эмэгтэйн шагнал, 2007 онд АНУ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Үндэсний зөвлөлөөс эмэгтэйчүүдийн тэгш байдлын шагнал, 2005 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтаас дэлхийн манлайлагчийн шагнал, 2004 онд Харвардын их сургуулийн манлайлагчийн шагнал, 2003 онд Эмэгтэйчүүдийн статусын асуудлаарх НҮБ, ТББ-ын хорооноос шилдэг эмэгтэйн шагнал хүртсэн бөгөөд түүнийг 2000 онд “Дэлхийн цаг үе” (Earth Times) сониноос НҮБ-ын систем дэх хамгийн нөлөө бүхий хүний нэгээр тодруулжээ. Мөн Н.Хейзэрийн эмэгтэйчүүд, энх тайван, шударга ёсны төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2005 онд Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлж байв.

1948 онд Сингапурт төрсөн.